Ливан: Эсэргүүцэгчдийг тараахаар цагдаа, армийнхныг дайчилжээ
2020-08-11

Наймдугаар сарын дөрөвний өдөр Ливаны нийслэл Бейрут хотын боомт дээр болсон дэлбэрэлтийн улмаас олон хүн амиа алдаж, хотын барилгын тал хувь нь нурж сүйдсэн эмгэнэлтэй хэрэг гарсан юм. Энэ үйл явдалд хотын оршин суугчид эрх баригчдаа буруутган баасан гаригаас эхлэн Бейрут хотод эсэргүүцэл эмх замбараагүй байдал өрнөж байна. 

 

Эмх замбараагүй байдлын улмаас дор хаяж 45 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний долоо нь эмнэлэгт хүргэгдсэн талаар Улаан загалмай мэдээлжээ. Өнгөрсөн шөнө гэхэд л эсэргүүцэгчид дахин үймээн үүсгэж, Парламентын ордныг эзлэхээр дайрсан байна. Нөхцөл байдал хүндэрсэний улмаас Ливаны эрх баригчид нийслэл Бейрут хотын төв рүү армийнхан болон цагдаагийнхныг төвлөрүүлжээ.

 

Эсэргүүцэгчид ээлжит бус сонгууль явуулах, Бейрутын тэнгисийн боомт дээр гарсан дэлбэрэлтийг олон улсын байгууллагуудаар шалгуулахыг шаардаж байгаа юм. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын дөрөвний өдөр Бейрут хотын боомт дээр зургаан жилийн туршид хадгалалтын горим алдагдан хадгалагдаж байсан 2750 тонн аммонийн нитрат гэх тэсрэх бодис дэлбэрсний улмаас 160 гаруй хүн амиа алдаж, 6000 гаруй хүн шархадсан. Дэлбэрэлтийн уршгаар хотын барилга байгууламжийн тал орчим хувь нь сүйдсэн бөгөөд 300 мянга орчим хүн орон гэргүй болсон юм. 

 

Бейрут: Ливанд дэлхий нийт гар сунгаж, Кипр эмгэнэлт явдлаас сургамж авав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин