Ливан: Дэлбэрэлтийн уршгаар амиа алдагсдын тоо 200-г давж, Засаг нь огцров
8-12

Наймдугаар сарын дөрөвний өдөр Ливаны нийслэл Бейрут хотын боомтод гарсан дэлбэрэлт тус улсад их хэмжээний хохирол учруулж, улмаар энэ хэрэгт эрх баригчдаа буруутгасан оршин суугчид Засгийн газраа огцрохыг шаардан баасан гаригаас эхлэн эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан. Эсэргүүцэл эмх замбараагүй байдал болон өрнөж, харин Ливаны Засгийн газар эсэргүүцэгчдийн шаардлагыг биелүүлэхээр болжээ. 

 

Ливаны Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа талаар тус улсын Ерөнхий сайд Хасан Диаб наймдугаар сарын 11-ний өдөр мэдэгдлээ. Амралтын өдрүүдэд жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүсгэн, засгаа огцрохыг шаардсаны дараа сайд нарын танхим энэ шийдвэрийг гаргажээ. 

 

Ливаны Ерөнхийлөгч Мишель Аун Засгийн газрын огцрох хүсэлтийг хүлээн авсны дээр шинэ танхим бүрдтэл сайд нарыг үүрэгт ажлаа гүйцэтгэхийг хүсчээ.

 

Ливаны засаглал хэрхэн бүрдсэн бэ? 

Жагсагчдын шаардлагын улмаас огцрохоор болсон Диабын засгийн газар мөн л олон нийтийн эсэргүүцлийн дүнд гарч байлаа. Тодруулбал, 2019 оны 10 дугаар сард Ливанд олныг хамарсан эсэргүүцэл үүссэн бөгөөд WhatsApp болон бусад мессенжерээр дуудлага хийн ярихад татвар ноогдуулах шийдвэр гаргасныг эсэргүүцэн олон мянган хүн жагсаалд нэгдсэн юм. Хэдийгээр энэ шийдвэрийг нэн даруй цуцалсан ч эсэргүүцэл яваандаа Засгийн газрыг огцрохыг шаардан, Ливаны олон хотод хэдэн мянган хүнийг хамран, шинэчлэлтийг шаардаж байв. Энэ эсэргүүцлийн дүнгээр Саад Хариригийн танхим огцорч, Диаб шинэ Засгийн газар бүрдүүлж байлаа.

 

Энэ хоёр танхим хоёулаа улс төрийн хувьд Ираны дэмжлэгтэй, шийтийн "Хезболла" бүлэглэл болон Ерөнхийлөгч Мишель Ауны тэргүүлсэн христ-маронитуудын эвсэл дээр тогтдог. Дэлхийн хоёр дайны дунд үед Ливан Францын колони байсан бөгөөд энэ үеэр тус улсын томоохон угсаатны бүлэглэлүүдийн төлөөлөгчид төрийн өндөр албан тушаалыг хаших эрхийг тусгасан Үндсэн хуулийг Ливанд зориулан Франц боловсруулж байжээ. 

 

Энэ хуулиар Ливаны Ерөнхийлөгч нь гагцхүү христ-маронит /маронитын сүм нь Ромын папын эрх мэдлийг хүлээн үөвшөөрдөг ч шашны болон захиргааны олон асуудал дээр өргөн цар хүрээний автономт эрхтэй байдаг/, Ерөнхий сайд нь зөвхөн муслимын суннит урсгалын хүн, парламентын дарга нь шийт, түүний орлогч нь үнэн алдартны христийн шашинтан байх ёстой. Гэх мэтээр төрийн эрхэнд 18 өөр бүлгийн төлөөлөгчид бүгд багтсан байх ёстой гэнэ. 

 

Хямралын хөрсөн дээрх хямрал 

 

Санхүү, улс төр, нийгмийн гүн гүнзгий хямралд байсан Ливаны хувьд боомтод болсон дэлбэрэлт хүнд цохилт болсон гэж ВВС мэдээлжээ.

 

Наймдугаар сарын дөрөвний өдөр болсон сүйрлийг ливанчууд улс төрийн хүрээллийнхний авилга, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй хэмээн үзэж байгаа юм. Учир нь нийслэлийнх нь төвийн яг хажууд тэсрэх аюултай химийн бодис зургаан жил ямар ч хараа хяналтгүй хэвтэж байсан нь иргэдийн бухимдлыг төрүүлжээ.

 

Ливаны эрх баригчид эмгэнэлт явдлын шалтгааны талаар одоо хэр нь зөрүүтэй мэдэгдэл хийсээр байна. Дэлбэрэлт болсны дараахан, сүйрэл удаан хугацаанд бүрэлдсэн таагүй нөхцөл байдлаас үүдэлтэй гэж мэдэгдэж байсан бол баасан гаригт Ерөнхийлөгч Аун мэдэгдэхдээ хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй гэж мэдэгдсэн юм. Гэхдээ үүнийг батлах баримт одоо хэр нь гараагүй. 

 

Наймдугаар сарын дөрөвний өдөр буюу дэлбэрэлт болсноос хойш зургаа хоногийн туршид Ливаны арми эрэн хайх аврах ажиллагааг боомт дээр зохион байгуулж, улмаар нуранган доороос нэг ч амьд хүн олж чадалгүй даваа гаригт эрлээ зогсоожээ. Өнгөрсөн мягмар гаригт Бейрутын боомтод болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо 220 болон нэмэгдэж, 110 хүн ор сураггүйд тоцогдож байна. Хотын барилга байгууламжийн тал хувь нь эвдэрч, сүйдсэн тул 300 мянга гаруй хүн орох оронгүй, болж одоо тэдний ихэнх нь нурж, эвдэрсэн байшиндаа амьдарч байгаа гэнэ. 

 

Дэлбэрэлтээс үүдсэн эдийн засгийн хохирлын албан ёсны үнэлгээ 3 тэрбум доллар бол Ливаны эдийн засгийн нийт хохирол 15 тэрбум долларт хүрч болзошгүй хэмээн шинжээчид үзэж байна. Учир нь Ливан энэ сүйрэл болохоос ч өмнө үндэсний валют нь үнэгүйдсэн, банкууд хөрөнгөө гадаадад гаргасан, хүн ам олноор ядуурсан зэрэг нөхцөл байдалтай эдийн засгийн хүндхэн хямралыг туулж байжээ. 

 

Бейрут: Ливанд дэлхий нийт гар сунгаж, Кипр эмгэнэлт явдлаас сургамж авав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Засаг нь огцровч гэх шиг. Хөгийн гудамжны гарчигтай нийтлэл вэ....
2020-08-12