Хонконг: Хэвлэлийн магнат Жимми Лайг суллажээ
2020-08-12

Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль зөрчсөн хэмээн буруутгагдан, баривчлагдсан хэвлэлийн магнатыг Жимми Лайг тус хотын цагдаагийн газар барьцаатайгаар суллажээ. Түүнчлэн, 72 настай бизнесмен Жимми Лайгийн хамтаар өөр хэд хэдэн идэвхитнүүдийг сулласан талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Хэвлэлийн магнат суллагдсаныхаа дараа хэвлэлийнхэнд ямар нэг тайлбар өгөөгүй бөгөөд түүний хувийн дансуудыг царцаасны дээр Хонконгоос гарахыг хоригложээ.

 

Өдгөө 71 настай Жимми Лай Хонконгийн хэвлэлийн магнатад тооцогддог бөгөөд сөрөг хүчний "Пинго жибао" сониныг түүний групп эрхлэн гаргадаг юм. Тэрбээр Хонконг дахь эсэргүүцлийг ихээхэн дэмждэг. Өмнө нь 2014 онд Хонконгод эсэргүүцэл дэгдэх үеэр түүнийг баривчилж байжээ. Хамгийн сүүлд Бээжинг эсэргүүцсэн арга хэмжээг дэмжсэн гэж Жимми Лайг буруутган энэ оны хоёрдугаар сард баривчилж байсан аж.

 

Эргэн сануулахад, Хятадын эрх баригчид зургадугаар сарын 30-ны өдөр Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталсан. Энэ хуулиар Хонконг эсэргүүцлийн ажиллагаатай тэмцэх өргөн цар хүрээтэй эрхтэй болсон юм. Үүнийг Хонконгийн сөрөг хүчнийхэн хүний эрх, эрх чөлөөг боомилсон, Хятадын дарангуйлалд орж байна гэж эсэргүүцдэг. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин