COVID-19: Бразил Оросын вакциныг туршина
2020-08-12

Бразилын Паран мужийн Технологийн хүрээлэн Орост үйлдвэрлэсэн коронавирусийн вакциныг Бразилд туршин, гэрчилгээжүүлэх ажлыг эхлүүлэхэд шаардлагатай баримт бичиг илгээх хүсэлтийг Оросын үйлдвэрлэгчдэд ойрын үед илгээхээр болжээ. Энэ талаар тус мужийн тэргүүн Гуто Силва ТАСС агентлагт мэдээлсэн байна. 

 

Гуто Силвагийн өгүүлснээр Паран муж Оросын вакцины лабораторийн туршилт явуулах эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн зохих баазтай бөгөөд улсын хэмжээнд туршилт явуулах боломжтой гэнэ. Энэ мэдээлэл гарахаас өмнө Бразил дахь ОХУ-ын Элчин сайд Сергей Акопов Паран мужийн эрх баригчид Орост үйлдвэрлэсэн коронавирусийн вакциныг сонирхож байгаа талаар мэдээлж байлаа. Түүний өгүүлснээр Бразилын тал бэлдмэлийг худалдаж аваад зогсохгүй хамтран боловсруулж, туршиж, улсынхаа нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэх хүсэлтэй байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, Орост коронавирусийн анхны вакциныг бүртгэсэн талаарх мэдээлэл наймдугаар сарын 11-ний өдөр гарч байлаа. Энэ талаар Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн бөгөөд тэрбээр Орос улс энэ төрлийн бэлдмэл боловсруулан, бүртгэсэн дэлхийн анхны улс болсон гэдгийг цохон тэмдэглэж байв. 

 

Лента.ру агентлагийн мэдээлснээр вакциныг 2021 оны нэгдүгээр сард эргэлтэнд оруулах бөгөөд хоёр жилийн туршид коронавирусээс хамгаалах дархлаа суулгах гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин