А.Амбасэлмаа: Зургаан хүн эдгэрч, 677 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-08-12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.12/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 20 сая 228 мянган хүн халдвар авч, 741 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 216 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас 311 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 420 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт  3342 хүн байна. 119 дугаарын утсанд  118  дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  нэг   дуудлага ирсэн. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-"ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 677 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, энэ  сарын 11-нд Прага-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн  250 хүний  шинжилгээ, долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 264 хүний давтан шинжилгээ,  21 эмч, ажилчдын шинжилгээ, Дархан-Уул аймагт  тусгаарлагдаж байгаа хоёр хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр  хүний шинжилгээ, Орхон аймагт тусгаарлагдаж байгаа 71 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ, Баруунхараа хотод тусгаарлалтад байгаа 23 хүний шинжилгээ, Замын-Үүд суманд тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний шилжилгээ  байна. 

 

Сайн мэдээ зургаан хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгээр хүмүүс нь энхийг сахиулагчид болон долдугаар  сарын 29-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр ирсэн хүмүүс байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 293 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 269 боллоо. Нийт эдгэрээд гарсан 269 хүний 50 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 26 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 193 хүн байна. ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа нэг хүний бие маш муу байгаа" гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин