Тарваган тахал: Ховд аймгийн сэжигтэй тохиолдлын хариу маргааш гарна
8-12


Өчигдөр буюу наймдугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Иймд Ховд аймгийн Жаргалант сумаас орох, гарах нийтийн болон хувийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хязгаарласан байна.

 

Энэ талаар Ховд аймгийн Тамгын газраас лавлахад: “13.30 минутад аймгийн онцгой комисс хуралдаж дууслаа.  Сэжигтэй тохиолдлоос дээж авч ХӨСҮТ-д хүргүүлэхээр замдаа гарсан. Өглөөний нислэг байгаагүй учир машинаар явуулсан. Шинжилгээний хариу маргааш гарна.” гэж мэдээллээ.


Өмнө нь буюу зургадугаар сарын 29-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн  тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй 2 тохиолдлын онош лабораторийн шинжилгээгээр өвчилсөн болох нь  батлагдаж байсан.  Батлагдсан 2 тохиолдлын 1-р хавьтал 146, 2-р хавьтал 504 хүнийг  тогтоож, тэдгээр иргэнээс сорьц цуглуулан шинжилсэн. Ингээд долоо хоногийн дараа тухайн нутаг дэвсгэрийн орох гарах хөдөлгөөнийг нээсэн.


Тарваган тахал өвчин Монгол нутагт дэлгэрвэл “Covid-19” цар тахал адил аюул, хохирлыг учруулах бөгөөд Дэлхийн нийтэд тарваган тахал өвчин тархаж байсан хэд хэдэн тохиолдол бий.  Тухайлбал  ХIV зууны үед Зүүн Өмнөд Азиас эхэлж, Африк, Европт тархан 60 сая орчим хүний амь насыг хөнөөж байсан удаатай. Энэ цар тахлыг “Хар үхэл” гэж нэрлэсэн байна.  Учир нь Дани улсад тахлаар нас барсан хүмүүсийн цогцос нь маш хурдан харлаж, заримдаа нүүрс шиг хар болж байсантай холбоотой гэнэ.


Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин