Беларусын эсэргүүцэл: Минскт интернет сүлжээ хэвийн горимд оржээ
2020-08-12

Беларусын Минск хотноо үүрэн холбоо болон интернет сүлжээ хэвийн горимдоо орсон талаар РИА Новости агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын есний оройноос эхлэн хаагдаад байсан бүх сүлжээ өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны орон нутгийн цагаар 06:50 цагт хэвийн ажиллаж эхэлсэн байна. 

 

Энд дуулгахад, Беларусын Ерөнхийлөгчийн сонгууль болсон өдөр интернет доголдож, хэвлэл мэдээллийн цахим хуудсууд руу нэвтрэхэд хүндрэлтэй болж байжээ. Харин энэ нь гадаадын улс орнууд Беларусын интернетийг тасалсантай холбоотой гэж тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгдэж байв.

 

"Хүмүүсийг эсэргүүцэлд уриалах гэж ийм зүйл хийж байна. Тэр бүү хэл хүн амын эгдүүцлийг төрүүлэхийн тулд гаднаас интернет тасалж байна. Манай мэргэжилтнүүд шалтгааныг нь тодруулна. Интернет муу ажиллаж байвал энэ нь бидэнтэй холбоогүй, хилийн цаанаас хийж буй ажил" хэмээн Лукашенко мэдэгдэж байлаа.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын есөнд буюу Беларусын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр энэ улсад эсэргүүцэл өрнөн, улмаар эмх замбараагүй байдалд шилжсэн юм. Энэ сонгуулиар өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 80 гаруй хувиар ялалт байгуулсныг иргэд эсэргүүцэн ийнхүү өнөөдрийг хүртэл тэмцэж байна.

Беларус 3 дахь өдрөө үймж, цагдаагийнхан жагсагчид руу бууджээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин