Хятадад "шинэ вирус дэгдсэн" гэх мэдээллийн ҮНЭН, ХУДАЛ

img

Сүүлийн үед цахим ертөнцөд “Хятадад шинэ вирус дэгдэж, 60 хүн халдвар аван, 7 хүн амиа алдсан” талаарх мэдээлэл хурдацтай тархах болов. Энэ вирус хачигт хазуулснаас үүдэн халдварлах бөгөөд мөн цусаар дамжин хүнд дамжиж болдог талаар эх сурвалжууд бичжээ. Хятадад анхлан голомт нь гарч, дэлхий даяар тархсан цар тахлын энэ үед хүмүүс энэ мэдээллийг ихээхэн түгшин хүлээж авсан нь мэдээж. Энэ мэдээлэл үнэн бодитой эсэхийг factcheck, Regnum, РБК, DW агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар хүргэж байна. 


Мэдээлэл үнэн үү? 


Эх сурвалжуудын мэдээлснээр, үнэхээр л ийм вирус байдаг бөгөөд хэвлэлүүдийн дамжуулсан мэдээллүүдийн ихэнх нь үнэн бодит байдалд нийцэж байгаа аж. Гэхдээ олон хэвлэл мэдээлсэн шиг шинэ төрлийн вирус биш. Анх 2009 онд энэ вирусийг Хятадад илрүүлж байсан бөгөөд вирус үүнээс ч өмнө байсан гэдгийг олон судалгаа харуулжээ. Хэдийгээр вирусийн шинж тэмдэг нь коронавирусийн шинж тэмдэгтэй төстэй мэт санагдах ч энэ вирус нь SARS-CoV-2 вирустэй адил зүйл тун бага гэнэ. 


Анх 2009-2010 онд Хятадад хүмүүс үл мэдэгдэх өвчний халдвар авсан тохиолдлууд гарсны дараа эрдэмтдийн баг энэ вирусийг олж тогтоосон бөгөөд Хятадын Даби уулын орчимд анх үүссэн тул Даби бандавирус хэмээн нэрлэжээ.

 

Вирусийн шинж тэмдэг ба эрсдлийн бүлэг

Вирусийн халдварын үед халуурах, цусны тромбоцит болон лейкоцитийн хэмжээ унах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Эрдэмтдийн судалгаа хийх явцдаа өвчтөнүүдийг хянах үеэр нас баралт 12 хувьтай байжээ. 

Сүүлийн үеийн судалгаануудаас харахад энэ вирусээс үүдэлтэй нас баралт 6-30 хувь байж болзошгүй гэнэ. Ахмад настнуудад эрсдэл өндөр бөгөөд харьцангуй сүүлд хийсэн судалгаагаар, вирусийн халдвар авсан үед толгой өвдөх, толгой эргэх, булчин өвдөх, амны хөндийд цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг нь тогтоогдсон байна. Ихэвчлэн таваас долдугаар сард дэгддэг, далд үе нь 6-13 өдөр байж болзошгүй гэнэ. 2010-2016 онуудын хооронд цуглуулсан мэдээллээр вирусээс үүдэлтэй нас баралт жилээс жилд нэмэгдэж байгаа тул Хятадын эрдэмтэд урьдчилан сэргийлэх вакцин, вирусийн эсрэг эм бэлдмэл боловсруулах шаардлагатай гэж үзжээ. 


Ургамлын, амьтны зэрэг хэд хэдэн төрлийн хачигаар дамждаг энэ вирус халдвартай хүнээс эрүүл хүнд дамжих боломжтой гэнэ. Халдвар цус эсвэл салстан бүрхэвчээр дамжин халдварладаг гэж таамаглаж байгаа бөгөөд байнга мал амьтантай ажилладаг фермер, малчин, мөн малын эмч, мал нядлагч эрсдлийн бүлэгт багтана гэж судлаачид үзжээ. 

 

Одоогоор энэ вирусийг эмчлэхэд Хятадад Рибавирин эм ашиглаж байгаа гэнэ. 

 

  • SFTSV вирус нь үнэндээ шинэ илэрсэн вирус биш. Судалгаануудаас харахад олон оронд Хятад болон хөрш зэргэлдээ орнуудын нутаг дэвсгэр дээр байжээ. 
  • Энэ вирус SARS-CoV-2 вирустэй төстэй гэдэг нь үндэслэлгүй. SFTSV вирус нь вирусийн өөр бүлэгт хамаарах бөгөөд агаар дуслын замаар халдварладаггүй. Гол тээгч нь H.Longicornis төрлийн хачиг /Хятад, Солонгос, Япон, Австрали, Шинэ Зеланд, Фижи, Хавайд тохиолддог/ юм байна.
  •  Одоогоор энэ вирус дэлхий дахинаа аюул учруулна гэдгийг батлахуйц баримт мэдээлэл байхгүй. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ