С.Сүхтуяа: Он, онд “дусааж” олгосон төсөв барилгын ажил царцах шалтгаан болдог
2020-08-13

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүдэд захиалагчийн хяналт хийх чиг үүрэг бүхий байгууллага бол Барилгын хөгжлийн төв. Жил бүрийн есдүгээр сарын нэгэн дөхөхөөр сургууль, цэцэрлэг,    дотуур байрны хүрэлцээ, чанар стандартын асуудал сөхөгддөг. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар хэдэн сургууль, цэцэрлэг, дотуур байр ашиглалтад орсон эсэх барилгын ажил царцаж, зогсох болсон шалтгаан зэрэг асуудлын талаар Барилгын хөгжлийн төвийн Барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийн ахлах инженер С.Сүхтуяатай ярилцлаа.

 

-Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа хэдэн төсөл арга хэмжээн дээр захиалагчийн хяналт хийж байна вэ? Үүнээс сургууль, цэцэрлэг, дотуур байрны хэдэн барилга ашиглалтад орсон бэ?

 

-Энэ онд Улсын Төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа нийт 430 гаруй төсөл, арга хэмжээнүүдэд захиалагчийн техник хяналт гүйцэтгэж байна. Үүнийг дурьдбал, нийслэлд 146, орон нутагт 300 орчим төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. БШУЯ-ны захиалгаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, дотуур байр, спорт заалны барилга угсралтын ажил, барилгын их засварын ажлуудад хяналтыг гүйцэтгэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар он гарснаас хойш нийт 59 барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулсан. Тухайлбал, 22 цэцэрлэг,  17 сургууль,  хоёр соёлын төвийн барилга,  долоон дотуур байр,  хоёр спорт заал,  хоёр усан бассейн, нэг тохижилтын ажил, нэг инженер шугам сүлжээний ажил, таван их засварын ажил байгаа. Мөн аравдугаар сарын 01-нээс өмнө  ашиглалтад оруулах 30 гаруй объект мөн 12 дугаар сард багтааж 13 цэцэрлэг, 12 сургууль, 10 соёлын төв, таван дотуур байр,  дөрвөн спорт заал,  бусад 45 объект нийт 134 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар  төлөвлөж ажиллаж байна.

 

-Орон нутагт баригдаж буй сургууль, дотуур байрны барилгын талаар тодруулахгүй юу. Сурагчдын амьдрах орчин, тэр дундаа 00 асуудал нэлээд хүнд байдаг гэдэг?

 

-БШУЯ-ны захиалгаар хэрэгжиж байгаа төслүүдийн дийлэнх нь сурагчдын дотуур байр сургууль, цэцэрлэгийн барилга. Тиймээс ч  норм дүрэм, зураг төслийн дагуу, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж сурагчдын эрүүл аюулгүй орчинд хичээллэх боломжоор хангасан сургууль цэцэрлэгийг ашиглалтад оруулж байна. Тэр дундаа хамгийн их шүүмжлэл дагуулдаг байсан гадаа 00 буюу нүхэн жорлонг халж, шинээр ашиглалтад орж байгаа барилга байгууламж, сургуулиуд нэгдсэн инженерийн шугам сүлжээнд холбогдсон.

 

-Төсвийн хөрөнгөөр баригдаж буй зарим барилгууд удааширч, царцах асуудлууд гардаг. Энэ юунаас болж байна вэ?

 

-Барилга царцах шалтгааныг гүйцэтгэгчийг буруутгахаас илүүтэйгээр зураг төслөө буруу төлөвлөх болон санхүүжилт он дамжин тусгагдах зэргээс шалтгаалах асуудал бий. Энгийнээр тайлбарлахад 5 тэрбумын төсөвт өртөгтэй барилга байхад, он дамжуулан “дусааж” нэг жилд нь 300 сая дараагийн жилд нь 200 сая гэх мэт олгох асуудал гардаг. Үүнээс үүдэж барилгын хөрөнгө оруулалт зогсож, барилгын ажил удааширах жишээ ч цөөн биш.

 

-Одоо хэрэгжиж байгаа 430 гаруй обьектын хэд нь энэ онд багтаж ашиглалтад орох вэ?

 

-Захиалагчийн хяналт хийж байгаа 430 гаруй  барилга байгаагаас  энэ жил 210 гаруй төсөл арга хэмжээ нь ашиглалтад орно. Үлдсэн нь он дамжиж ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.  

 

-Нэг хэв маягийн зургаар хийсэн байтал төсөвт өртөг нь өөр өөр гарах тохиолдол хэд хэдэн барилга байгууламж дээр гарсан байдаг?

 

-Төсөвт өртөг ижил гарах боломжгүй. Учир нь тухайн барилгын зураг төсөл нь ижил боловч байршлаас хамаарч төсөвт өртөгт шууд нөлөөлдөг . Тодруулбал, нийслэл болон орон нутагт баригдах сургуулийн барилгын зураг төсөл ижил гэж үзэхэд орон нутагт бол тээврийн зардал, хөрсний инженер геологийн дүгнэлт зэргээс хамаарна. магадгүй алслагдсан аймаг орон нутагт сургууль барьж байвал инженерийн шугам сүлжээг угсрах, барилгын материалын тээвэрлэлт, бүр цаашилбал хөрсний судалгаа, түүнээс хамаарч барилгын суурийг хүчитгэх үү гээд олон шалтгаан бий.

 

-Барилга хөгжлийн төвөөс улсын хэмжээнд хэдэн инженер  мэргэжлийн хяналт хийж ажилладаг вэ?

 

-Манай захиалагчийн хэлтсийн гучин мэргэшсэн, зөвлөх инженерүүд захиалагчийн техникийн хяналт хийж ажиллаж байна.

 

-Баярлалаа. Амжилт хүсье.

 

                                                                                                                               Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
ДУСАААДАГ ТӨСӨВ:
ОН ОНД ДУСААЖ ОЛГОДОГ ТӨСВӨӨС БОЛЖ БАРИЛГЫН АЖИЛ ЦАРЦДАГ. ЯГ Л ГОЛЫГ НЬ ОНОЖ ХЭЛЛЭЭ...
2020-08-13