Бейрутын дэлбэрэлт: Ливаны хохирол 15 тэрбум доллар давжээ
2020-08-13

Ливаны Бейрут хотын боомт дээр болсон дэлбэрэлтээс үүдэлтэй хохирлын хэмжээ 15 тэрбумыг давжээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Мишель Аун Испанийн хаантай утсаар ярих үеэрээ мэдэгдсэнийг Ливаны төрийн тэргүүний хэвлэлийн алба дамжуулсан байна.

 

"Урьдчилсан үнэлгээгээр Ливаны амссан хохирол 15 тэрбум ам.долларыг давж байна" хэмээн Ерөнхийлөгч Мишель Аун онцолсон байна.

 

Испанийнг хаан хохирол амссан улсын ард түмнийг хүнд хэцүү үед дэмжиж байгаагаа болон эмгэнэл илэрхийлж, шаардлагатай тусламж, тэр дундаа санхүүгийн хувьд туслахад бэлэн байгаагаа цохон тэмдэглэсэн байна.

 

Энд дуулгахад, даатгалын байгууллагууд дэлбэрэлтээс үүдсэн хохирлыг урьдчилсан байдлаар гурван тэрбум ам.доллараар үнэлж байгаа юм. Үүнээс өмнө тэнгисийн боомтын дарга мэдэгдэл хийхдээ дэлбэрэлтийн улмаас Бейрутын дөрвөн мянга орчим барилга байгууламж бүрэн болон хэсэгчлэн сүйдсэн тул сэргээн босгоход 12-15 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн онцолж байв.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын дөрөвний өдөр Бейрут хотын боомт дээр агуулахад зургаан жилийн туршид хадгалагдаж байсан аммонийн нитрат гэх тэсрэх бодис дэлбэрсний улмаас хотын барилгуудын тал орчим хувь нь сүйдсэн бол дэлбэрэлтийн хүч хөрш зэргэлдээ байх Кипр улсад ч мэдрэгджээ. Коронавирусийн цар тахлын үеэр ийм эмгэнэлт явдал гарсан нь Ливанд хүндхэн цохилт болж байгаа юм. Дэлбэрэлтийн улмаас хэд хэдэн эмнэлэг нурсан, үлдсэн эмнэлгүүдэд вирусийн халдвартай болон бусад төрлийн өвчинтэй хүмүүс ихтэй байх үед золгүй явдал гарч, гэмтэж бэртсэн хүмүүсээр хотын эмнэлгүүд дүүрч, ачааллаа дийлэлгүй, эмч мэргэжилтнүүд ч хүрэлцээгүй байгааг Ливаны хэвлэлүүд дамжуулж байна. Энэ хүнд үеийг туулахад дэлхийн улс орнууд тусламжийн гараа сунгаж байгаа бөгөөд  хээрийн эмнэлэг, эмч мэргэжилтнүүдийг ч олон улс илгээж байгаа юм.

 

Бейрут: Ливанд дэлхий нийт гар сунгаж, Кипр эмгэнэлт явдлаас сургамж авав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин