Жайка олон улсын байгууллагаас халдвар хамгааллын хэрэгсэл хандивлалаа
2020-08-13

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр  Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтад УБЗАА-ын Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун болон тохижилт үйлчилгээний компанийн төлөөллүүд оролцлоо.

 

Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Жайка олон улсын байгууллагын зүгээс тохижилт үйлчилгээний албан хаагчдад ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж, ариутгагч бодис болон халдвар хамгааллын хэрэглэлийг гардуулан өгсөн юм.

 

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран тохижилт үйлчилгээний компанийн ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, цар тахлаас хамгаалах, халдваргүйжүүлэлтийг хийх зэрэг заавар зөвлөмжийг хүргэх зорилгоор сургалт зохион байгуулах саналтай байгаагаа Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико дуулгав.

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр  эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад халдвар хамгааллын хэрэгсэл хандивлаж буйд талархал илэрхийллээ. Тэрбээр “Цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Жайка олон улсын байгууллагатай бид 2005 оноос эхлэн хог хаягдлын менежмэнтийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Хэдийгээр Япон улс цар тахалтай тэмцэж хүнд нөхцөлд амьдарч байгаа боловч Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байдагт талархаж байна” хэмээв. Уулзалтын үеэр Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас бэлтгэсэн иргэдэд зориулсан халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж бүхий дүрс бичлэгүүдийг танилцууллаа.

 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин