Ц.Цолмонбаатар: Улаанбаатарт хууль бусаар тарвага агнах зөрчил гарсаар байна
2020-08-14

 


Өнгөрсөн баасан гаригт Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн жолооч Э нь нойтон тарвага Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор оруулах гэж байсныг  Тээврийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн.  Энэ мэт хориотой ан хийсээр байгаа нь тарваган тахал өвчнийг дэгдээх эрсдэл учруулж болзошгүйг сануулсаар байгаа мэт. Иймд Нийслэлийн Байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтэсийн Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас цаг үеийн асуудлаар тодруулан ярилцлаа.


-Иргэд хууль бус ан хийсээр байна. Үүнд Нийслэлийн Байгаль орчны газар ямар аргаар  урьдчилан сэргийлж байна вэ?


-Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий ч иргэд хууль бусаар амьтан агнах тохиолдлууд гарсаар байна. Манай орны зарим сумдад тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсэд Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зэрлэг амьтныг хавх, урхи ашиглан барьж гэмтээх, хууль бусаар агнах зөрчил дутагдлыг илрүүлэх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн байгаль хамгаалагчдын дунд “Хавхгүй нийслэл 2020” эрчимжүүлсэн хяналтыг эхлүүлээд байна.  2017 оноос нийслэлийн Байгаль орчны газраас анх удаа нийслэлийн нутаг дэвсгэрт “Хавхгүй нийслэл 2017” аяныг хэрэгжүүлсний үр дүнд 41 хавх, 2018 онд 38 хавхыг нийслэлийн ногоон бүсээс хураан авч устгалд оруулсан. 2020 оны 6-р сард мөн дээрх зорилгоор БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу суурьшлын бүсээс тархац нутаггүй болсон 32 бодгаль монгол тарвагыг шилжүүлэн нутагшуулсан.


-Ан агнуурыг зохицуулсан хууль дүрмүүд бий. Үүнийг манайхан бүрэн мөрдөхгүй байгаа нь ажиглагддаг. Энэ талаарх зохицуулалтыг тодруулаач.


 -Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж уг хуулийн 37.1.-т заасан байдаг. Мөн энэ хуулиар Улаанбаатар хот орчимд амьтан агнахыг хориглосон. Тийм байдаг хэдий ч манай иргэд хууль бусаар амьтан агнах явдлыг гаргадаг. 


Улирлын энэ цаг мөчид амьтан агнах явдал бишгүй тохиодог. Ингэхдээ хавх болон урхи ашигладаг. Хавх, урхиар тарвага агнах нь тарваган тахал гарах эрсдэл хамгийн өндөртэй  байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд  33 байгаль хамгаалагч ногоон бүсийг хариуцан хамгаалдаг. Эдгээр байгаль хамгаалагчид нь хариуцсан нутаг дэвсгэр дээрээ хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж хавх, урхи зэргийг хураасаар байгаа юм.


-Урхи ашиглах нь аюулт өвчин дэгдэх эрсдэлд хүргэдэг юм байна. Эдгээр амьтдын хувьд тархац нутаг нь хумигдаж байгаа. Үүнээс үүдэн гарах эрсдэлийн талаар мэдээлэл өгнө үү?


-Улаанбаатар хотын суурьшлын бүс нутаг тэлсэнтэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдан улмаар хот руу орж ирэх тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Өнгөрсөн  онд гэмтэж бэртсэн болон идэш тэжээлийн хомстолд орж Улаанбаатар хотын суурьшлын бүсэд орж ирсэн 43 амьтны  дуудлага бүртгэгдсэн бол 2020 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 61 удаагийн дуудлага мэдээлэл авсан. Тэгэхээр зэрлэг амьтад суурьшлын бүсэд ирж буй тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байгааг харуулж байна.


-Зэрлэг амьтдаас гадна бамбай хоншоорт могой 16, 11-р хороололд байна гэсэн дуудлага бүртгэгдсэн. Энэ мэт иргэд хортой могойг харсан тохиолдолд яах ёстой вэ?


-Улаанбаатар хотод хортой могой орж ирэх тохиолдол нэмэгдсээр байна. Бамбай хоншоорт могой гэр хорооллын айлуудаас гадна хотын төв хэсгээр ч илэрсэн. Иймд иргэдэд анхааруулж хэлэхэд хортой могой орж ирэх тохиолдол нэлээдгүй байгаа учир хүүхдүүдээ хараа хяналттай  байлгах хэрэгтэй. Мөн харсан тохиолдолд Нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11310005, Нийслэлийн байгаль орчны газрын 11323780 тус дугааруудад холбоо барьж, яаралтай дуудлага өгөхөөс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах хэрэгтэй гэдгийг зөвлөе.


-Ямар тохиолдолд зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирдэг юм бэ?


-Улаанбаатар хотод ан амьтан орж ирэх явдал нь харилцан адилгүй байдаг. Өвлийн цагт амьтдын идэш тэжээл хомстож ядарч сульдана. Энэ үед бор гөрөөс, халиун буга зэрэг төрлийн амьтад зэрлэгшсэн нохдод туугдан орж ирдэг. Эдгээр амьтад стандартын шаардлага хангахгүй баригдсан хашаа, хайсанд сүлбэгдэх, бэртэх, хорогдох тохиолдлууд их гардаг бөгөөд ихэвчлэн хүнгүй газар хорогдоно.


-Саяхан Санзай орчмоос хүрэн баавгайн мөр илэрсэн. Энэ ч бас идэш тэжээлтэй холбоотой юу?


-2018-2019 онуудад баавгайн дуудлага ирэх нь нэмэгдсэн.  2018 онд хүрэн баавгайн дуудлага хоёр удаа, 2019 онд 4 удаагийн дуудлага ирсэн байдаг. 2020 оны наймдугаар сарын 9-ний өдөр СБД-ын иргэн Санзай орчимд хүрэн баавгайн мөр байж болзошгүй гэсэн дуудлага бидэнд ирүүлсэн. Үүний дагуу Нийслэлийн байгаль орчны газраас шалгасан. Шалгалтаар хүрэн баавгайн мөр болох нь тогтоогдсон. Энэ нь иргэд самар жимс түүх хугацаанаас өмнө ойгоор явж ан амьтны идэш тэжээлийг булааж буйтай шууд холбоотой.  Улаанбаатар хот орчмын нутаг дэвсгэр бол Хан-Хэнтий нурууны салбар уулс учир хүрэн баавгай зэрэг бусад төрлийн араатан амьтад гүйдлээр орж ирдэг. Үүнээс гадна хүрэн баавгай нь тэнэмэл амьдралтай, холимог идэштэй амьтан юм. Монгол орны ойт хэсэгт баавгай тархсан байдаг. Монгол улсын Засгийн газрын 2012 онд батлагдсан ховор амьтны жагсаалтад орсон учир агнах, барихыг хуулиар хориглосон. Хэрэв хүрэн баавгайг агнасан бол хуулиараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай. Наймдугаар сарын дунд үе хүртэл манайхан амралт зугаалгын байдалтай байдаг. Ойн дагалт  баялаг болох самар жимсийг болц гүйцэхээс нь өмнө  хууль бусаар түүх тохиолдол ихээхэн гардаг. Энэ цаг үед баавгайн дуудлага ирж байгаа нь маш аюултай үзэгдэл юм. Нийслэлийн Байгаль орчны газраас олон нийтийн бүх сүлжээгээр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг түгээсээр байгаа билээ. Энэ мэтээр  иргэддээ анхааруулж сэрэмжлүүлэхэд ойн дагалт баялаг түүж ойн сан руу нэвтрэхгүй байх, аялж зугаалахдаа зориулалтын замаар алхаж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.


-Ярилцсанд баярлалаа

Э.Үүрийнцолмон
 

Shuud.mn
Сонин хачин
Хөдөөгийн малаа барж хотоо харлуулсан, хужаануудад мал, нутгаа алдсан, эзэн нь болж чадаагүй өлсгөлөн, өлөн хоосончуудаар хот дүүрсэний шинж дээ. Мянгатууд нь хүртэл нэгнийхээ малыг хулгайлдаг, хоттой хониноосоо хөгшин хонь бариад гаргачих ч чадваргүй харамч нарийн,гадаах нь гэртээ ордоггүй,гэрт дахь нь гэдсэндээ ордогүй мянгатуудын хүүхдүүд эднүүсээс болж хотод крантин тавигдаж гай болноо.
2020-08-16
ggg:
ой хамгаалагчид ойг сайн хамгаалдаг шүү. өлөн юмнуудаас болж л сүйддэг болохоос биш
2020-08-14