Тува: Монголын хилтэй ойрхон амьдардаг иргэдэд тарваган тахлын вакцин хийнэ
2020-08-14

Манай улсад тарваган тахлын тохиолдол хэдэнтээ бүртгэгдсэний улмаас хөрш орнууд нутаг дэвсгэрт нь тахал дэгдэхээс сэргийлж, олон арга хэмжээ авч байгаа юм. 

 

Тухайлбал, Тува улс Монголтой хил залгаа нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдээ тарваган тахлын эсрэг вакцинд хамруулахаар болжээ. Энэ талаар тус улсын тэргүүн Шолбан Кара-оол мэдэгдсэн байна. Бүгд Найрамдах Тува Улсын хоёр аймагт тахлын өдөөгч ихээр тархсан нь илэрсэн тул нутгийн хүн амыг вакцинжуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж байгаа гэнэ.

 

Тодруулбал Овюр болон Монгун-Тайгин аймагт 10 мянга орчим хүнд тарваган тахлын вакцин хийхээр болжээ. "Тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд 9687 хүнд урьдчилан сэргийлэх тарилга хийх бөгөөд тэр дундаа байгалийн голомтот бүсэд амьдарч буй 3000 гаруй хүүхэд вакцинжуулалтад хамрагдана" гэж Тувагийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

Тува улсад тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй явуулж, аюулт өвчнийг тээгч, Улаан номонд багтсан тарвага агнахгүй байхыг иргэддээ анхааруулж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин