Эрдэмтэд COVID-19 вирусийг цацрагаар эмчлэх туршилт хийжээ
2020-08-14

Коронавирусийн халдварыг цацрагийн эмчилгээгээр эмчилвэл энэ вирусийн өвчлөлөөс үүдэлтэй нас баралтыг дунджаар 20 хувь бууруулах боломжтой гэнэ. Ийм дүгнэлтийг өвчтөнүүд дээр зохих туршилтыг хийсэн олон орны эрдэмтдийн хамтарсан баг гаргажээ. 


Тухайлбал, эмчилгээний энэ аргыг АНУ-д туршсан бөгөөд COVID-19 вирусийн халдвар авсан 10 өвчтөнд туршилтын эмчилгээ хийхэд гурав хоногийн дотор эдгэрч байсан бол  бусад эмчилгээний аргаар өвчтөнүүд 12 хоногт эдгэрч байжээ. Түүнчлэн хяналтын бүлгийн өвчтөнүүд эмнэлэгт өнгөрүүлэх хугацаа нь 20 байсан бол  цацрагаар эмчлүүлсэн өвчтөнүүдийн ор хоног 12 өдөр байсан гэнэ.

 

Харин энэ талаар Оросын эрдэмтэн, Алс Дорнодын холбооны их сургуулийн Био анагаах ухааны тэнхимийн профессор Галина Рева тайлбарлахдаа, "COVID-19-ийн үед уушгин дахь эд эсийн нөхөн төлжилт алдагддаг. Цацрагийн эмчилгээ нь энэ явцыг улам даамжруулна" хэмээжээ. Түүний үзэж байгаагаар багахан хэмжээний цацрагийн тун өвчтөний эрүүл мэндэд цаашдаа төсөөлөхийн аргагүй сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдаг гэнэ. 

 

Цацрагаар эмчлэх арга үр дүнтэй ч дутагдалтай талууд байдгийг АНУ-ын эрдэмтэд ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байна. Тэдний өгүүлснээр, цацрагаар эмчлэх үед халдвартай тэмцэхэд шаардлагатай дархлааны В болон Т эдийг үхүүлэх эрсдэлтэй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин