Мурашко: COVID вакцины клиникийн туршилтын мэдээллийг ойрын үед танилцуулна
2020-08-14

Орост үйлдвэрлэсэн коронавирусийн вакцины клиникийн өмнөх болон клиникийн судалгааны үр дүнг харуулсан мэдээллүүдийг ойрын үед нийтийн хүртээл болгоно гэж Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ. 

 

"Ойрын үед, магадгүй даваа гариг гэхэд, судалгааны клиникийн өмнөх болон клиникийн шатны мэдээллүүдийг нийтлэнэ" хэмээн Мурашко мэдэгдсэн байна. 

 

Оросын вакциныг ихээр шүүмжилж байгаа нь "судалгааны талаарх мэдээллийг гүйцэт аваагүй"-тэй холбоотой, түүнчлэн "вакциныг зургаан бүтээгдэхүүн хэдийнэ гаргасан суурин дээр үндэслэсэн" гэдгийг мэдэх хүн ховор байгаатай холбоотой хэмээн тэрбээр онцолсон байна.

 

Мөн гадаад улс орнууд ОХУ-д гарган авсан вакциныг бусад орнууд худалдан авах сонирхлоо илэрхийлсэн эсэх талаарх асуултад  "нэн тэргүүнд дотоодын зах зээлээ хангана" гэдгийг Мурашко онцоллоо. "Бид одоогоор гадаад улс орнуудад вакцин зарахгүй. Худалдаж авах хүсэлт маш ихээр ирж байгаа ч бид эхний ээлжинд дотоодын зах зээлээ хангах ёстой. Үүнтэй холбоотой үйл ажиллагаа явагдаж байна" хэмээн Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна. 

 

Юун түрүүнд "өвчтөн болон эрсдлийн бүлэгтэй шууд харилцаж байгаа хүмүүст вакцин хийх ёстой" гэдгийг Мурашко цохон тэмдэглэлээ. Эхний ээлжийн вакциныг энэ сард хүлээн авч, бүхий л бүс нутгууд руу илгээх бөгөөд вакцин үйлдвэрлэх ажил хэдийнэ эхэлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин