COVID-19: Гүрж тусгаарлалтын хугацаагаа багасгажээ
2020-08-14

Гүржид SARS-CoV-2 вирус тээгчтэй хавьталд орсон эсвэл хилийн чанадаас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байсныг багасгаж, 12 хоног тусгаарлалтад байх журам гаргажээ. "Тусгаарлалт болон хөл хорионы журмын тухай" тогтоолд орсон өөрчлөлтийг наймдугаар сарын 12-ны өдөр "Гүржийн хууль тогтоомжийн мэдээ" сайтад нийтэлснээр хэрэгжиж эхэлсэн тухай Regnum агентлаг мэдээллээ

 

Түүнчлэн шинэчилсэн журмаар, Гүржид ирэхээс гурав хоногийн дотор ПЦР тест өгч, сөрөг хариу гарсан бол хөл хорионд орохгүй байх боломжийг тусгасан байна. Энэ тохиолдолд 12 хоногийн туршид гурав хоног тутам давтан тест өгөх ёстой аж. Харин ПЦР тестээс гадна эсрэг биет үүссэнийг магадлах бичигтэй хүмүүс хөл хорионд орохгүйгээс гадна тогтмол тест өгөх шаардлагагүй юм байна.

 

Энд дуулгахад, Гүрж улс долдугаар сарын наймны өдрөөс эхлэн Герман, Франц, Эстони, Латви, Литви улсаас ирэх жуулчдад улсын хилээ нээсэн юм. Эдгээр орны жуулчид цар тахалтай холбоотой аливаа хязгаарлалтад хамаарахгүйгээр Гүржийн хил нэвтрэх боломжтой болсон. Улмаар хил нээснээс хойш тус улс руу 751 жуулчин орж ирсэн талаар Гүржийн Ерөнхий сайд Георгий Гахария наймдугаар сарын 12-ны өдөр мэдэгдэж байв.

 

Тус улсын халдварын нөхцөл байдлын тухайд, наймдугаар сарын 14-ний байдлаар батлагдсан нийт тохиолдол 1278 болж, үүнээс 1054 хүн эдгэрч, 17 нас баралт бүртгэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин