ЭХЭМҮТ-ийн газрын маргааныг шийдвэрлэлээ
2020-08-14

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнгөрсөн мягмар гаригт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, тус төвийн эзэмшил газар руу хувийн хэвшлийнхэн халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Тодруулбал, Монголын Үндэсний их сургууль хичээлийн өргөтгөлийн барилга барихдаа  ЭХЭМҮТ-ийн газар руу түрж, хашааг нь буулгаж зөвшөөрөлгүй орц, гарц хийгээд байсан юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг  даалгавар, шийдвэрийн биелэлтийг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр шалгаж, газар дээр нь ажиллалаа.

 

Тус сургууль нь хичээлийн өргөтгөлийн байраа барихдаа эмнэлгийн эзэмшил газар руу  түрж, 4.5-4.8 метр.кв талбайг илүү гарган барьсан учраас сургуулийн баруун талын эзэмшил газраас эмнэлэгт алдагдсан газрыг нөхөн олгох үүргийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо. Ингэснээр ЭХЭМҮТ-ийн газрын маргаан шийдвэрлэгдэж буй юм.

 

Зөвшөөрөлгүй барилгын ажлыг албадан зогсоолоо

 

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Монголын Үндэсний их сургууль эзэмшил газраа хэтрүүлэн ашиглаж, зөвшөөрөлгүйгээр газар доорх гараажийг барьж буй ажлыг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал тэргүүтэй албаныхан албадан зогсоолоо. Тус сургууль нь өөрсдийн эзэмшил газар болох 746 метр.кв талбайд газар доорх гарааж барих архитектурын төлөвлөгөөг нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас  батлуулж байжээ. Гэвч барилга барих зөвшөөрөлгүйгээр 2204 метр.кв талбайд хоёр давхар болгож өргөтгөж буй аж. Иймд НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал сургуулийн удирдлагад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг сануулаад, барилгын ажлыг албадан зогсоолоо.

 

Мөн тус хорооны нутаг дэвсгэр, ЭХЭМҮТ-ийн зүүн урд хэсэгт зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын ажлыг албадан зогсоосон юм. Тус барилгыг “Өлзийт Интертрейд” компани барьж буй бөгөөд 2017 онд орон сууц барих архитектурын төлөвлөгөө батлуулж байжээ. Барилга барих зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулж буй тус компанид хуулийн хариуцлага хүлээлгэхийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал холбогдох албаныханд сануулаад барилгыг лацдаж үйл ажиллагааг нь зогсоолоо.

 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
dr:
gazriin zuvshuurul ugsun humuustei haruitslaga tootsoh heregtei dee
2020-08-15
Ч:
Дандаа луйвар. Мөнгөтэй луувирчид Бөхчүүдтэй нийлж иргэд, хүүхдийн цэцэрлэг, төрөх, СӨХ, тогломын талбайн газрыг харанхуй шөнөөр дэлсдэг нүгэлтэй хүмүүс!
2020-08-14