"Хөшигний цаадах дайны золиос" гэж өөрийгөө нэрлэж байсан Назарбаевын зээ хүү нас баржээ
2020-08-17

Назарбаевын зээ хүү Айсултан Назарбаев Лондон хотноо нас барсан талаар Zakon.kz мэдээллийн сайт наймдугаар сарын 16-нд мэдээлжээ. 

 

"Нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар зүрх зогссон гэж үзсэн. Өөр нэмэлт мэдээлэл алга байна" хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Түүнчлэн Казахстаны "Литер" сонины сайт Казахстаны Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Ербол Едиловоос авсан эх сурвалжтайгаар Назарбаевын зээ хүү нас барсан талаар мэдээлжээ.

 

Эдгээр мэдээллийн дараа, Айсултаны ээж Дарига Назарбаева хүүгээ нас барсан гэсэн мэдээллийг баталсан байна. "Бидний хайртай хүү Айсултан нас барсанд манай гэр бүл гашуудаж байна. Энэ нэн хүнд хэцүү цаг үед олон нийт бидэнд нөхөж баршгүй гарз учирсныг ойлгон, хүндэлнэ гэж бид найдаж байна" хэмээн Дарига Назарбаева мэдэгдсэнийг түүний тэргүүлдэг Нурсултан Назарбаевын сангийн цахим хуудас дээр нийтэлсэн байна.

 

Лондон хотноо ийнхүү таалал төгссөн Айсултан 29 настай байв. Айсултан Назарбаев нь Нурсултан Назарбаевын ууган охин болох Дарига Назарбаевагийн хоёр дахь хүү юм. Даригагийн нөхөр, Айсултаны аав Рахат Алиев Австрийн шоронд хоригдож байхдаа амиа алдсан бөгөөд түүний үхлийн шалтгааныг амиа хорлолт гэж үздэг. 

 

Британий Хатан хааны Хуурай замын цэргийн академийг төгссөн бөгөөд сургуулиа төгсөөд эх орондоо очин, Казахстаны Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газарт ажилд оржээ. 2017 онд Казахтсаны хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд долоон сар ажилласан. Түүнчлэн Европд хар тамхины хамааралтай хүмүүсийг эмчилдэг эмнэлэгт хэдэнтээ эмчилгээ хийлгэж байжээ.

 

2019 оны зургадугаар сард Айсултан Назарбаев Лондон хотноо цагдаагийнхан руу халдсан хэргээр мөн оныхоо 10 дугаар сард тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж байв. Тухайн үед тэрбээр үл таних эмэгтэйн байрны тагтаар дамжин орж, амиа хорлох гэж байсан гэсэн мэдээлэл гарч байлаа.

 

Мөн ондоо тэрбээр өөрийнх нь амь насанд аюул учирсан гэж Казахстаны сэтгүүлчдэд мэдэгдэж байв.Түүнчлэн энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Их Британиас улс төрийн орогнол хүссэнээ фейсбүүк хуудсандаа бичиж байлаа.

 

"Одоогийн байдлаар манай гэр бүлийнхэн надад төрөл бүрээр дарамт учруулахаар хичээж байгаа тул би ийм шийдэмгий алхам хийхээс аргагүй болсон" гэж Нурсултан Назарбаевын ач хүү өгүүлжээ. Мөн тэрбээр Орос, Казахстаны Засгийн газрууд "өндөр дээд хэмжээнд авлигад идэгдсэн" хэмээн буруутгасан байна.

 

Айсултан Назарбаев өөрийнхөө мэдэгдлийг батлах баримт хэлээгүй бөгөөд өөрийгөө "хөшигний цаана өрнөж байгаа дайн"-ы золиос болсон гэжээ.

.

Тухайн үед Мэдээлэл, олон нийтийн хөгжлийн сайд Даурен Абаев дээрх мэдэгдлийг няцаан, Айсултан Назарбаев фейсбүүк дэх постоо "тодорхой хүмүүсийн нөлөөн дор бичсэн" хэмээж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hairan saihan huu
2020-08-19
Тамхинд оруулаад устгасан байх.
2020-08-18
irgen:
baruuniihniig ih dagaval tegdeg um ....ted yaj iigeed daramtalj yuch,.... hiilgene, tegeed daraa ni aldag , iimerhyy um ganz udaagiin um bist olon ornii hynd tohiolddog ih baruuniig dargaad bai syyldee yuchgui , ami ch ugui boldog um
2020-08-17