Беларус: Засгийг дэмжсэн болон эсэргүүцсэн хоёр жагсаал болжээ
2020-08-17

Наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг Беларусын иргэд эсэргүүцэн сонгууль дууссаны дараагаас л эсэргүүцэн тэмцэж байгаа юм. Энэ тэмцэлд эмнэлэг, боловсролын байгууллагууд, үйлдвэрүүд ч нэгдэж, ажил хаялт зарлаж байв. Эсэргүүцлийг Беларусын цагдаагийнхан хүчээр тараах гэж оролдсоны улмаас жагсагчид болон цагдаагийнхны хооронд хэдэнтээ мөргөлдөөн гарч, олон хүн гэмтэж бэртэж байсны дээр эмх замбараагүй байдалд оролцсон гэсэн шалтгаанаар олон мянган хүнийг баривчлан саатуулж байсан юм. 

 

Харин ням гаригт Минск хотноо болж өнгөрсөн арга хэмжээнүүдийн үеэр эмх замбараагүй байдал гараагүй, баривчилгаа хийгдээгүй, тайван болж өнгөрсөн гэж Беларусын Дотоод хэргийн яам мэдэгдсэнийг Regnum агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ням гаригт Засгийн газрын ордны орчимд өнөөгийн эрх баригчдыг дэмжсэн олон цугласан байна. Жагсагчдын өмнө Александр Лукашенко үг хэлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулахыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, энэ нь "улс орныг орвонгоор нь эргүүлж мэднэ" хэмээн онцолжээ. 

 

Өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 80 гаруй хувийн санал авч тэргүүлсэн сонгуулийн дараагаас л Беларуст олныг хамарсан эсэргүүцэл дэгдэж, сөрөг хүчнийхэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалж байгаа юм. Эмх замбараагүй байдлын үеэр олон зуун хүн гэмтэж бэртсэнээс 100 гаруй нь хууль сахиулагчид байгаа гэнэ. 

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн энэхүү эсэргүүцлийг Европын орнууд дэмжиж байгаа юм. Жагсагчдыг дэмжиж байгаагаа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон илэрхийлсэн бөгөөд жагсагчдыг дэмжих ажлаа нэмэгдүүлэхийг Европын холбоонд хандан уриалжээ.

 

Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш Беларуст болж буй үйл явдлыг сүйрэл хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр Прага хотын төвд болсон, Беларусын эсэргүүцэгчдийн дэмжсэн жагсаал гарсны дараа ийм мэдэгдэл хийжээ. Прага хотод болсон жагсаалыг Чехд амьдардаг беларусчууд Чехийн хүний эрхийн төлөөх тэмцэгчдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд жагсаалд мянга гаруй хүн оролцсон гэж Прага хотын цагдаагийн газар мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин