ШУУД: Их, дээд сургуулиудыг нэг удаад 50-100 хувиар сургалтын төлбөр авахыг хориглосон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Өвөрхангай аймагт баригдах усан бассейнийг улсын төсвөөс санхүүжүүлэх санал ямар шатанд байна. Хичээлийн шинэ жил эхэллээ. Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх боломж байна уу. Их, дээд сургуулийн нэгдүгээр курсын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг бүтнээр нь төлөх шаардлагыг тавьж байна гэнэ. Энэ талаар БШУЯ ямар байр суурь баримталж байна вэ. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ төлөхөд анхаарах хэрэгтэй.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Усан бассейнийг өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэх зарчимтай. Тиймээс төсвийн тодотголд тусгаагүй.
НХХ-ийн сайд А.Ариунзаяа:
-Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ төлөх асуудлаар ирэх оны улсын төсвийн тухай хуулийг оруулж ирэхдээ энэ хуулийн үйлчлэх хугацааг нэг жилээр сунгахаар болсон.
БШУ-ы сайд н.Цэдэвсүрэн:
-Хоёроос дөрөвдүгээр курсын оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй. Их, дээд сургуулиудыг нэг удаад 50-100 хувиар сургалтын төлбөрийг авахыг яамнаас хориглосон. Их, дээд сургуулиудад сургалтын төлбөрийг авахдаа уян хатан хандахыг чиглэл болгосон.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ