COVID-19: ОХУ-ын Эрчим хүчний сайд халдвар авчээ
2020-08-18

Оросын Эрчим хүчний сайд Александр Новак шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан талаар тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

"Харамсалтай нь Александр Валентинович Новак коронавирусээр өвдсөн. Түргэн эдгэрэхийг түүнд чин сэтгэлээсээ хүсцгээе. Хурдан эдгэрэх болтугай" хэмээн Мишустин Благовещенск хотод болсон Алс Дорнодын нийгэм эдийн засгийн хөгжлийн засгийн газрын комиссын хуралдаан дээр мэдэгджээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Александр Новак коронавирусийн халдвар авсан ч ямар ч шинж тэмдэг илрээгүй байгаа талаар Эрчим хүчний яамны албан ёсны төлөөлөгч мэдээлсэн байна.

 

"ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак Алс Дорнодод ажлын айлчлал хийх үеэрээ COVID-19 илрүүлэх тест өгөхөд хариу нь эерэг гарсан. Одоогоор шинж тэмдэг илрээгүй, Александр Валентиновичийн биеийн байдал сайн байгаа. Эрчим хүчний сайд алсын зайнаас албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Тухайлбал, энэ сарын 19-нд болох ОПЕК+ орнуудын мониторингийн хорооны хуралд онлайн хэлбэрээр оролцоно" гэж Эрчим хүчний яамны төлөөлөгч мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
монгол:
энэ орос вакцин гаргасан гээд бүлтэрээд байсан одоо хэрэглээ ч
2020-08-19