Тайландад 2014 оноос хойшхи хамгийн том эсэргүүцлийн жагсаал болжээ
2020-08-19

Тайландад 2014 оноос хойших хамгийн том эсэргүүцлийн жагсаал болж, цагдаагийнхны мэдээлснээр Бангкок хотод гэхэд л 12 мянган хүн, харин зохион байгуулагчдын мэдээлснээр 20 мянга гаруй хүн жагсаалд оролцсон гэж RG агентлаг мэдээлжээ. 

 

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын ихэнх нь оюутнууд байсан гэнэ. Энэ эсэргүүцэл тус улсын парламент дахь төлөөллөөрөө гуравт ордог, залуусын дунд нэр хүндтэй "Анакхот Май" /Ирээдүй рүү урагшаа/ сөрөг хүчний намыг татан буулгасан хоёрдугаар сараас эхлэлтэй юм. Тухайн үед эсэргүүцэл даамжирахаар байсан ч коронавирусийн цар тахлын улмаас олон нийтийн арга хэмжээг хориглож, хэдэн сарын туршид завсарлаад сэргэж байгаа нь энэ.

 

Одоогоор эсэргүүцэгчид гурван шаардлага тавьж байгаа аж. Энэ нь Засгийн газрыг огцруулах, шинэ үндсэн хууль батлах, сөрөг хүчнийхнийг мөрдөн шалгахаа зогсоох. Гэхдээ сүүлийн өдрүүдэд дөрөв дэх шаардлагаа тавьсан гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна. Одоо жагсагчид үндсэн шаардлагуудаас гадна хааны бүрэн эрхийг хязгаарлах замаар шинэчлэлт хийхийг шаардаж байгаа аж. Энэ шаардлага тус улсын хувьд ихээхэн анхаарал татсан сэдэв бөгөөд Тайландад хаан нь бараг л бурхан шиг дээдлэгддэг, эрхэм дээдсийг доромжилвол 15 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлдэг аж. Хэдийгээр 2016 онд хаан ширээнд заларсан Махи Вачиралонгкорны үед ийм шийтгэл амссан хүн байхгүй ч хуулийн энэ заалт хүчин төгөлдөр хэвээр байгаа гэнэ.

 

Түүнчлэн жагсагчид армийн хоёр анги нэгтгэл хаанд шууд харьяалагддагийг цуцлахыг шаардаж байгаа аж. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр хаант засаглалын шинэчлэлтэй холбоотой оюутнуудын шаардлагыг нийтэд мэдээлэхгүй байхыг орон нутгийн хэвлэлүүдээс хааны ордны захиргаа хүссэн гэнэ.

 

Одоогоор Тайландын эрх баригчид эсэргүүцлийн ажиллагаанд тайван хандаж байгаа аж. Тайландын Ерөнхий сайд Правит Вонгсувон наймдугаар сарын 17-ны өдөр мэдэгдэл хийхдээ бусдын эрх чөлөөнд халдахгүй л бол иргэд жагсан цуглаж, үзэл бодлоо хэлэх эрхтэй гэж онцолсныг  Bangkok Post дамжуулжээ. Харин коронавирусийн халдвар дэгдэх аюултай үед олноор цугларахыг хориглосон захирамжийг иргэд зөрчиж байгаад эрх баригчид хэрхэн хандаж байгаа талаар сэтгүүлчид асуухад "Бид юу хийж чадах юм бэ?" хэмээн хариулжээ. Тайландын хэвлэлүүдийн мэдээлснээр эсэргүүцлийн жагсаалын гурван тэргүүнийг бослогод өдөөн турхирсан, олон нийтээр цуглахыг хориглосон журмыг зөрчсөн хэргээр саатуулсан ч тун удахгүй сулласан байна.

 

Энэ зуур жагсагчид Бангкок хотын Ардчиллын хөшөөний орчимд цуглан, эрх баригчид шаардлагуудыг нь биелүүлэхээс нааш тарахгүй хэмээн мэдэгджээ. Коронавирусийн цар тахлын үед авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээний улмаас аялал жуулчлалын салбар уналтад орж, эдийн засгийн нөхцөл байдал нь хүндэрсэн Тайландын эрх баригчид иргэдийн дургүйцлийг дэвэргэхээс эмээн эсэргүүцдийн эсрэг хүч хэрэглэхэд бэлэн биш байгаа гэж олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин