Малид бослого гарч, Ерөнхийлөгч нь огцров
2020-08-19

Малид цэргийн бослого гарч, улмаар цэргийнхэн тус улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейт болон Ерөнхий сайд нарыг баривчилсан талаар ТАСС агентлаг дамжууллаа.

 

Ийнхүү баривчлагдсаныхаа дараа Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейт суудлаасаа огцорч байгаагаа лхагва гаригт шилжих шөнө мэдэгджээ.

 

"Энэ цаг мөчид он удаан жил дэмжиж, чин сэтгэлээсээ хандаж байсан Малигийн ард түмэнд талархлаа илэрхийлэхийн дээр өөрийн бүрэн эрхийг дуусгавар болгож байгааг дуулгаж байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний ассамблей /shuud.mn: Малигийн нэг танхимт Парламент / болон Засгийн газар татан буугдана" хэмээн тэрбээр Малигийн радио, телевизийн албаны сувгаар мэдэгдсэн байна. Тэрбээр эрх мэдэлд тогтон үлдэхийн төлөө цус урсаасай гэж хүсэхгүй байгаагаа онцолжээ. Ибрагим Бубакар Кейт 2013 оноос Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. 

 

Энд дуулгахад, наймдугаар сарын 18-нд Мали улсын нийслэлийн орчимд байрлах армийн анги нэгтгэлүүд бослого гарган, нийслэл рүү хөдөлсөн байна. Улмаар Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдаа баривчилсан талаар зарлажээ. Maliweb сайтын мэдээлснээр бослого нийслэлээс 20 км зайд байрлах Кати цэргийн баазаас эхэлж, бослого гаргагчид 20 машинтайгаар баазаа орхин явсан байна.

 

Одоо Малигийн Зэвсэгт хүчний ерөнхий штаб хурандаа Садио Камара тэргүүтэй Үндэсний гвардын цэргүүдийн хяналтанд байгаа аж. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөс гадна Малигийн зэвсэгт хүчний дээд командлалын бүрэлдэхүүний дунд ч баривчлагдсан хүмүүс байгаа талаар мэдээлэл гарчээ. Түүнчлэн одоогийн байдлаар Үндэсний ассамблейн дарга, Эдийн засаг, сангийн сайд, Гадаад хэргийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд баривчлагдаж, Бамако хотод бүхий л төрийн байгууллагууд, банкууд ажиллахгүй байгаа талаар ТАСС агентлаг мэдээллээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин