COVID-19: Буриадад хичээлийн шинэ жилийн нээлт хойшлогдож болзошгүй
2020-08-24

Буриадын тэргүүн Алексей Цыденов тус улсад коронавирусийн халдварын шинэ тохиолдол эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан ард иргэддээ хандан мэдэгдэл хийлээ. Түүний өгүүлснээр, наймдугаар сарын 22-ний өглөөний байдлаар хоногт 55 өвчлөл, 22 халдвар тээгч илэрсэн нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад хоёр дахин их үзүүлэлт гэнэ. Халдвар тээгч гэдэг нь вирусийн халдвартай боловч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг хэлж байгааг Алексей Цыденов онцолжээ. 

 

"Хичээлийн шинэ жил эхлэх есдүгээр сарын нэгэн болохын өмнөхөн энэ бүхэн болж байна. Бид дунд болон их дээд сургуулиуд, түүнчлэн хүүхдийн цэцэрлэгүүдийг нээхээр төлөвлөж байлаа. Гэвч өвчлөлийн тохиолдол энэ байдлаар өссөөр байвал хичээлийн шинэ жилийг нээхгүй байж магадгүй" хэмээн Алексей Цыденов фейсбүүк хуудсандаа бичжээ.

 

Ийнхүү өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор оршин суугчдыг эрүүл ахуйн бүхий л шаардлагуудыг дагаж мөрдөн, амны хаалт зүүн, бээлий өмсөж, ариутгагч хэрэглэн, олон нийтийн арга хэмжээ зохион байнгуулахгүй байхыг уриалсан байна. Мөн хүн бүрийн хариуцлагатай алхам нөхцөл байдлыг сайжруулахад тусална гэж Буриадын тэргүүн онцолжээ. 

 

Энд дуулгахад, наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Буриадын нийтийн тээврийн хэрэгслүүдэд зорчигчид амны хаалт зүүсэн эсэхийг шалгах хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж эхлэх юм байна. Олон нийтийн газарт амны хаалт зүүх журмыг зөрчсөн этгээдэд 1.5 мянга хүртэлх рубль /монгол мөнгөөр 52 мянга орчим/-ийн торгууль ноогдуулах аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин