Оюутнуудыг дотуур байранд аравдугаар сараас эхлэн хүлээн авна
2020-08-24

 

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх  оролцож өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед  хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх болсонтой холбогдуулан бэлтгэл ажлын талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр, 

 

-Энэ жил улсын  хэмжээнд 150 мянга гаруй оюутан суралцагч суралцах судалгаа байгаагаас бакалаврын түвшинд 120 мянга орчим оюутан суралцахаар байна. Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 29-ны өдрийн тогтоолоор 2020-2021 оны хичээлийн жилд  бүх шатны хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу бэлтгэл ажлыг хангах хүрээнд сайдуудын хамтарсан тушаал гарч  холбогдох газруудад чиглэл өгөн ажиллаж байна.

 

Мөн Боловсрол шинжлэх ухааны сайд их дээд сургууль, коллежийн хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журмыг батлан ажиллаж байна. Энэ жил танхим болон танхимын бус хосолсон хэлбэрээр их дээд сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа. 2020-2021 оны хичээлийн жилд дээд боловсролын салбар дараах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Үүнд:

 

  • Оюутны элсэлт, хичээл сонголтын үйл ажиллагааг цахимаар явуулна.
  • Их дээд сургуулийн лекц хичээлийг  есдүгээр сарын 01-нээс цахимаар эхлүүлнэ.
  • Аравдугаар сарын 05-ны өдрөөс танхимаар семинар лабораторийн  хичээлийг эхлүүлнэ. Танхимын багтаамжаас нь хамаарч  20-40 хүртэлх оюутантай хичээллүүлнэ.
  • Их дээд сургуулийн онолын лекц хичээлийг 100 хувь цахим хэлбэрээр хүргэнэ.  
  • Лекцийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг орхигдуулахгүй, ойлгомжтой байхад анхаарч, цахим контент бэлтгэх студи, тоног төхөөрөмжийг бэлтгэж сургалтын үйл ажиллагааг явуулна.
  • Танхимын сургалт зохион байгуулахад УОК, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийг өндөр хэмжээнд дагаж мөрдөх.
  • Сургуулийн анги танхим, дотуур байрны өрөө тасалгаанд халдваргүйжүүлэлт хийх.
  • Гар угаах, биеийн халуун хэмжих зэрэг шаардагдах зардлыг гарган санхүүжүүлэхийг их дээд сургуулийн удирдлагуудад чиглэл өгсөн.

 

-Улсын хэмжээнд хэдэн дотуур байранд хэдэн оюутан хүлээж авах вэ? 

 

-Улсын хэмжээнд 51 дотуур байранд 12 мянга гаруй оюутан хүлээн авах бэлтгэл хангагдсан. Үүнээс нийслэлд 38 дотуур байранд 11 мянга гаруй оюутан. Орон нутагт 13 дотуур байранд мянга гаруй оюутан хүлээн авна.

 

Дотуур байранд амьдрах оюутнуудыг  аравдугаар сарын 01-05-ны өдрүүдэд хүлээж авна гэлээ. 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин