Сири: Дэлбэрэлтийн улмаас улс даяар цахилгаан эрчим хүчгүй болжээ
2020-08-24

Дамаск хот дахь хий дамжуулах хоолой дэлбэрсний улмаас Сири улс даяар цахилгаан эрчим хүчгүй болсон талаар тус улсын Эрчим хүчний яам мэдээлснийг SANA агентлаг дамжуулжээ. 

 

Дэлбэрэлт Аль Дамир болон Адра бүс нутгийн хооронд болсон бөгөөд энэхүү хий дамжуулах хоолой Сирийн өмнөд бүс нутгийг бүхэлд нь хийгээр хангадаг байсан аж. Сирийн Газрын тос, эрдэс баялгийн сайд Али Ганим энэ дэлбэрэлтийг алан хядах ажиллагаа хэмээн мэдэгджээ. 

 

"Дэлбэрэлт болсон бүс нутгийн нөхцөл байдлыг судалсны дараа энэ нь террорист халдлага байсан гэдэг нь ойлгомжтой болсон" хэмээн Ганим мэдэгдсэн байна. Гэхдээ энэ халдлагада буруутай этгээдүүдийн талаар тэрбээр мэдээлсэнгүй, мөн дэлбэрэлтийн хариуцлагыг өөр дээрээ авсан бүлэглэл хараахан гараагүй байгаа юм.

 

Наймдугаар сарын 24-ний өглөө болсон дэлбэрэлтийн хор уршгийг аргилгахаар хэргийн газарт гал сөнөөгчид ажилласаар байгаа гэнэ. 

 

Энд дуулгахад, Сирид 2011 оноос хойш зэвсэгт сөргөлдөөн үргэлжилж байгаа юм. Хэдийгээр албан ёсны засаг захиргаа тус улсын нутаг дэвсгэрийн ихэнхийг хяналтандаа оруулж чадсан ч дайчдын зарим бүлгүүд үйл ажиллагаа явуулсан хэвээр байна. Эдгээр алан хядагчид Сирийн дэд бүтцэд ноцтой хохирол учруулахуйц халдлага хэдэнтээ үйлдэж байсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд л Банияс бомт хот дахь тэнгисийн газрын тосны объектуудад цохилт өгч байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин