COVID-19:Колумб ирэх сарын нэгнээс хөл хориог цуцална
2020-08-25

 

Ирэх сарын нэгнээс Колумб улс үндэсний хэмжээний хөл хориог цуцлахаар болжээ. Наймдугаар сарын 31-ний өдөр дуусах хөл хорионы хугацааг дахин сунгахгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Иван Дуке мэдэгдсэн байна. 

 

"Есдүгээр сарын нэгнээс бүх нийтийг хамарсан хөл хориог цуцалж, хэсэгчилсэн тусгаарлалт хийнэ" хэмээн Дуке мэдэгджээ. Түүнчлэн хязгаарлалтын олон арга хэмжээ цуцлагдаж, эдийн засгийн салбаруудын үйл ажиллагааг сэргээнэ гэж онцолсон байна. 

Харин эрүүл мэндийн салбар дахь онц байдлын дэглэм 11 дүгээр сарын 30 хүртэл үйлчлэх аж. 

 

Энд дуулгахад, гуравдугаар сарын зургааны өдөр Колумбид коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Улмаар гуравдугаар сарын 17-ны өдрөөс тус улсад 30 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж,гуравдугаар сарын 24-ний өдрөөс олон улсын нислэгүүдийг зогсоон, улс даяар хөл хорио тогтоож байв. 

 

 Сүүлийн үеийн мэдээллээр, Колумбид коронавирусийн халдварын тохиолдол 551 696 бүртгэгдсэнээс 17 612 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин