Хүүхэд тань үр бүтээлгүй байвал та юу хийх хэрэгтэй вэ?

Хэдэн өдрийн өмнө өсвөр насны хүүхдээ дэмий суудаг, зорилгогүй амьдарч байна яавал энэ байдлыг нь таслах вэ гэж нүүр номдоо аргаа баран нийтэлсэн эмэгтэйн бичвэрийн сэтгэгдэлд хүүхдүүд нь ийм янзтай байгаа олон өрх бий бололтой гэмээр “адилхан, харин тийм ээ, үг авахгүй юм” зэрэг сэтгэгдлүүд хөвөрч байлаа. Мөн сэтгэлзүйчид “хүүхэд маань зорилгогүй байгаад бухимдаж байна” гэсээр хандах хүмүүс олон ирдэг гэж мэргэжилтнүүд ярьж байсан.
Таны хүүхэд цар тахлын энэ үед өдрийг үр бүтээмжгүй өнгөрөөгөөд байна уу? Тэдний назгай, гиюүрсэн байдлыг нь хамтдаа төлөвлөгөө гаргаснаар шийдэж болохыг Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн Сэтгэл зүйч, Доктор /Ph.D./ Б. Номин зөвлөлөө.
-Хөл хорионы улмаас хүүхдүүд олон цагийг гэртээ өнгөрүүлж байгаа. Энэ дундаа өсвөр насны хүүхдүүд бүр илүү онцлогтой. Тэд хичээл, даалгавар ихтэйгээс гадна үүрэг хариуцлага олон. Эцэг, эхчүүд сэтгэл зүйч дээр ирээд ийн өчих нь олонтаа. Хүүхэд маань дэмий суугаад байна, ямар ч бүтээмжгүй байна. Цагийг дэмий хоосон өнгөрүүлж байгаад их санаа зовж байна гэдэг. Энэ юуг илэрхийлж байна гэхээр, хүүхдэд тань төлөвлөгөө дутагдаж байна гэсэн үг. Иймээс та хүүхэдтэйгээ төлөвлөгөөг нь хамтдаа гаргалвал нандин мөч үлдээнэ. Үүнээс гадна таны хүүхэд зорилгогүй байдал нь багасах юм.
Өсвөр насны хүүхдэдээ өдрийг хэрхэн өнгөрүүлэх, долоо хоногийг яаж бүтээмжтэй өнгөрүүлж болох тал дээр хамтдаа төлөвлөгөө гаргаарай. Үүнд хамгийн түрүүнд хүүхдээсээ зөвшөөрөл авах юм. Хоёулаа хамтдаа долоо хоногийг төлөвлөе тэгэх үү? Чи юу гэж бодож байна? миний бодлоор гэж яриагаа эхлүүлээрэй. Таны хүүхэд төлөвлөгөө гаргахдаа өөрийнхөө хүсэж байгаа, зорьж буй, өөрт нь хэрэгцээтэй байгаа тэр зүйлийг төлөвлөгөөндөө оруулах нь чухал. Жишээлбэл: найзуудтайгаа харилцах цаг гаргах, ном унших цаг гаргах, өөрийн хоббигоо хэрэгжүүлж, хөгжүүлэхэд цаг гаргах зэрэг багтах бөгөөд цааш нэмэн дэлгэрүүлэх нь зүй. Дараагаар нь магадгүй гэрээ цэвэрлэх, дүүгээ харах мэтийн зүйлсийг нэмж оруулах нь тохиромжтой. Ингээд эцэг, эхчүүд хүүхдэдээ тодорхой төлөвлөгөөг бий болгосноор таны хүүхэд бүтээмжтэй, дэмий цаг өнгөрүүлж байгаа гэсэн шүүмжлэл сонсохгүй. Мөн идэвхтэй, өөртөө итгэлтэй байх боломжийг олгож байна гэсэн үг.
Нэмээд нэгэн зүйлийг анхааруулахад хүүхэд чинь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх цагийг 30-40 минут байхаар тооцоолоорой гэж сэтгэл судлаач зөвлөжээ.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ