Беларусын эсэргүүцэл: Тихановская "Беларуст хувьсгал гарч байна" гэв
2020-08-26

Беларусын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Светлана Тихановская Европын парламентын гадаад хэргийн комиссын ээлжит бус хуралдаан дээр үг хэлжээ. Тэрбээр хэлсэн үгэндээ эсэргүүцлийг дарах үеэр гаргасан хүчирхийлэл, харгислалын золиос болсон хүмүүсийн талаар сануулж, Беларусын тусгаар тогтнолыг хүндлэхийг уриалсны дээр, Беларусын эрх баригчидтай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. 

 

 

Беларусын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний төлөөлөл болон оролцоод, ялагдсан Светлана Тихановская видео дуудлагаар Европын парламентчдын өмнө үг хэлжээ. Тэрбээр одоо Литва улсын нийслэл Вильнюс хотод байгаа бөгөөд энэ хотоос онлайн горимоор хуралд оролцсон байна. Тихановская хурал дээр хэлсэн үгэндээ Беларуст эсэргүүцлийн үеэр дор хаяж зургаан хүн амиа алдсаныг цохон тэмдэглэсний дээр сураггүй алга болсон хүмүүсийн хувь заяаны талаар сануулжээ. 

 

"Өнөөдөр миний эх орон, Беларусь улс хямралд орчихоод байна. Энгийн номхон жагсагчдыг баривчилж, хорьж, зодож байна. Эрх баригчид айлгах, сүрдүүлэх, биед хүчирхийлэл үзүүлэх тактик ашигласаар байгаа юм. Дор хаяж зургаан хүн амиа алдаж, олон арван хүн сураггүй болсон. Энэ бүхэн Европын төвд болж байна шүү дээ. Өнөөгийн хямрал наймдугаар сарын есний өдрийн сонгуулиас үүдэлтэй. Ихэнх ажиглагчийн үзэж байгаагаар санал хураах явцад олон зөрчил гарсан. Ноён Лукашенкогийн зарим өрсөлдөгч, тэр дундаа миний нөхөрт хилс хэрэг тохоон, хорьсон бол зарим нь өөрсдийг нь мөрдөж шалгахаас эмээн эх орноосоо дүрвэсэн" хэмээн Тихановская мэдэгджээ.

 

Тэрбээр үг хэлэх үеэрээ Европын холбооны эрх баригчид болон Европын парламентын намууд Беларусын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх байр суурийг нь дэмжиж байгаад талархал илэрхийлсэн байна. Беларуст тайван хувьсгал эхэлсэн гэж Тихановская үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

"Бид сөрөг хүчин биш, одоо бид олонх болсон. Тайван хувьсгал гарч байна. Беларус дахь хувьсгал бол геополитикийн хувьсгал биш.  Оросыг баримталсан болон Оросын эсрэг хувьсгал биш, энэ бол Европыг баримталсан эсвэл европыг эсэргүүцсэн ч хувьсгал биш. Энэ бол ардчилсан хувьсгал. Хүмүүс өөрсдөө асуудлаа шийдэх гэсэн тэмүүлэл. Хүмүүс удирдагчдаа чөлөөтэй, шударга сонгох, хувь тавилангаа тодорхойлох гэсэн тэмүүлэл. Беларусын хувьсгал хүч хэрэглэсэн хувьсгал биш. Энэ бол эрх чөлөө, өөрсдийгөө тодорхойлох, хүний үндсэн давуу талд тэмүүлсэн хүмүүсийн тайван эрмэлзэл" хэмээн Тихановская мэдэгджээ. 

 

Түүнчлэн тэрбээр дэлхийн бүхий л улс орнуудыг Беларусын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндлэхийг уриалсан байна. Тихановская шинээр, шударга сонгууль явуулах зорилгоор Беларусын өнөөгийн эрх баригчидтай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсний дээр үүний тулд зохицуулах зөвлөл байгуулагдсан гэдгийг онцолжээ. 

 

"Бидний зорилго бол хэлэлцээ хийх замаар тайван нөхцөлд шударга сонгууль явуулах. Тиймээс би эрх баригчидтай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Бид хэлэлцэгчдийг томилоход бэлэн. Хэлэлцээнд дэмжлэг үзүүлэх олон улсын байгууллагуудаар зуучлуулах асуудлыг авч хэлэлцэхийг хүсч байна. Шилжилтийн үед дэмжлэг үзүүлэх үүднээс Беларусын иргэний нийгэм болон улс төрийн хүрээллийн бүхий л талынхны төлөөлөгчдийг багтаасан Үндэсний хяналтын зөвлөлийг байгуулсан. Харамсалтай нь.эрх баригчид энэ зөвлөлийн гишүүдийг айлган сүрдүүлсэн. Тэр дундаа Нобелийн шагналт Светлана Алексиевичийг сүрдүүлсэн байна. Бид бууж өгөхгүй, бидний үндсэн эрхийг хүндлэхийг шаардаж байна. Бүхий л улс төрийн хоригдлуудыг чөлөөлөхийг шаардаж байна. Хүчирхийлэл, хүмүүсийг айлган сүрдүүлэхээ зогсоохыг шаардаж байна" хэмээн Тихановская мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын есний өдөр Беларуст Ерөнхийлөгчийн сонгууль болж, өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 80,1 хувь, түүний өрсөлдөгч Светлана Тихановская 10 хувийн санал авсан юм. Энэ дүнг беларусчууд эсэргүүцэн, санал авах хэсгүүд хаагдсаны дараагаас л эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн. Анхандаа тайван эхэлсэн энэ жагсаалыг цагдаагийнхан хүчээр тараах гэж оролдсоны улмаас жагсагчид болон хууль сахиулагчдын хооронд хэдэнтээ мөргөлдөөн гарч байв. Беларусын эсэргүүцэл өнөө хэр үргэлжилсээр байна. 

Беларусын эсэргүүцэл: Жагсагчдын эсрэг ашиглаж буй зэвсэг хэр аюултай вэ?

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин