Ким Жон Ун цар тахлын асуудлаар хэлэлцэхээр Төв хороог зарлан хуралдуулжээ
2020-08-26

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун коронавирусийн тархалт болон хар салхины хор уршгийн асуудлыг хэлэлцэхээр Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны хурлыг  зарлан хуралдуулсан талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.

 

"Уулзалтын үеэр Солонгосын бүхий л нутаг дэвсгэрүүдийг наймдугаар сард хар салхи дайрч, ноцтой хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх онц арга хэмжээнүүдийг тодорхойлсон" хэмээн агентлаг мэдээлсэн байна. Тэр дундаа байгалийн гамшгаас хохирсон бүс нутгуудын оршин суугчдыг хамгаалах, хөдөө аж ахуйд учрах хохирлыг багасгах тал дээр онцгой анхаарал хандуулжээ. 

 

Түүнчлэн цар тахлын тархалтын эсрэг авч хэрэгжүүлсэн "хөл хорионы зарим арга хэмжээ хангалтгүй" байгаа талаар хэлэлцсэн гэж эх сурвалж дамжууллаа. Улмаар эдгээр дутагдалтай тэмцэж, халдвар тархахаас хамгаалах ажлыг эрчимжүүлэх шийдвэр гаргасан байна. 

 

Энд дуулгахад, долдугаар сарын сүүлээс эхлэн Солонгосын хойгийн хойд хэсгээр үргэлжилсэн аадар бороо орж, наймдугаар сарын зургааны өдөр БНАСАУ-ын нутаг дэвсгэрээр хар салхи дайрч өнгөрсөн юм. Хүчтэй салхины улмаас төв болон өмнөд бүс нутгуудад ихээхэн хохирол учирсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр байгаалийн гамшгийн хор уршигтай тэмцэх ажилд бүхий л бүс нутгуудын удирдлага, Хөдөө аж ахуйн яамны ажилтан, Солонгосын ардын армийн цэргийн алба хаагчдыг дайчилжээ. 

 

Мөн Хойд Солонгос коронавирусийн тархалтаас сэргийлэх шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд улсын хилээ хааж, сургуулиудын үйл ажиллагааг зогсоон, үндэсний хэмжээнд хөл хорио тогтоосон юм. БНАСАУ-ын албан мэдээллээр, тус улсад коронавирусийн халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин