Сэтгүүлчид Төрийн ордноос мэдээлэх боломжийг бүрдүүлж өгөхийг шаардаж байна
2020-08-26
Гэрэл зургийг MPA.mn 

 

Цар тахлын энэ үед парламентын сэтгүүлчид УИХ-ын Тамгын газраас гаргасан "Түр журам"-ын дагуу зөвшөөрөгдсөн цэгээс хэвлэн нийтлэх үүргээ биелүүлж ажиллаж байгаа. Гэвч энэ нь хэвлэн нийтлэх эрх чөлөө, олон нийтийн мэдэх эрхийг хангаж чадахгүй байна. Тиймээс сэтгүүлчид Төрийн ордноос  хэвлэн нийтлэх эрх чөлөөг олгож өгөхийг хүслээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

“25-р суваг” телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул:

 

-Коронавирустай холбоотой сэтгүүлчид ажлаа хийх боломжийг дэндүү их хязгаарлаж байна. Хөл хорионы хатуу дэглэм үйлчилж байгаа учраас бид хүлээцтэй хандсан. Гэвч сүүлийн үед ээлжит бус чуулган эхлээд үйл ажиллагааг нь ажиглаж байхад УИХ-ын гишүүд дэглэмээ мөрдөхгүй, хүн хоорондын зай баримтлахгүй, амны хаалт зүүхгүй  байна. Тиймээс бид ч гэсэн төрийн ордны хойд талын хэсэгт хашигдаад байж байх шаардлага байна уу гэдэг асуудлыг хөндөхөөс өөр аргагүй. Сүүлийн 23 жилийн хугацаанд парламентыг сурвалжилж байна. Олон парламент сурвалжилж байхад ийм байдлаар хэвлэлийнхэнийг хязгаарлаж байсан түүх байхгүй. Энэ байдал үргэлжлэх магадлалтай байгаа учраас үүнийг эсэргүүцэж байгаа. Цаашид хөл хорионы дэглэмийг сулруулах гэж байгаа бол хэвлэлийнхний ажиллах боломжийг нээж  өгөөч гэж хүсмээр байна.

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг: 

 

-Урьдчилан сэргийлэх шаардлага байгааг ойлгож байна. Хэвлэлийнхэн бид хагас жилийн хугацаанд хүлцэнгүй хандаж УИХ, Засгийн газраас гаргасан хязгаарлалтыг мөрдөж ирсэн. Өнгөрсөн хугацаанд сэтгүүлчид төрийн ордонд ямар ч зөрчил гаргаагүй. Сүүлдээ бид хүлээдэг,  ярилцлага өгөх  дуртай хүнийг нь л яриулдаг, сэтгүүл зүйн чөлөөт ажиллах зарчмыг биелүүлж чадахгүй болсон. Энэ асуудлаар УИХ, Засгийн газрын хэвлэлийн албанд удаа дараа ханддаг боловч тодорхой хариулт хэлэхгүй байна. Төрийн ордон дахь хэвлэлийн эрх чөлөө хашигдмал, боогдмол байдалтай байна. УИХ-ын гишүүнээс яриа авах гэхээр төрийн ордны хамгаалалтын ажилтан харгалзагч шиг дагаж явж байгаа. Төрийн ордонд сууж байгаа хүмүүс бүгд амны хаалтгүй явж байна. Амны хаалтгүй чуулганд сууж байгаа. Тиймээс  төрийн ордон дахь хяналтын үүрэг, сэтгүүл зүйн чөлөөт ажиллах зарчмыг хангаж өгөхийг хүсэж байна

 

Сэтгүүлчид "Хэвлэлийн цэг" нэртэй газраас өөр байршилд мэдээлэл авах боломжгүй байдлыг өөрчилж, УИХ, Засгийн газрын гишүүдээс шаардлагатай тохиолдолд хэрэгцээтэй мэдээллээ тодруулж, сурвалжлах боломжийг хангаж өгөхийг шаардсан шаардлагаа Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар нарт гардуулж өглөө. 

 

Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг:

 

-Шаардлагыг хүлээж авлаа. Засгийн газар хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс Төрийн ордонд нэвтэрдэг 150 гаруй сэтгүүлчдэд эрх өгсөн байдаг. Улсын их хурлын  олон нийттэй харилцах хэлтэст 300 орчим сэтгүүлч байгаа. Нийтдээ Төрийн  ордны үйл ажиллагааг 550 гаруй хэвлэлийн ажилтан сурвалжилж байна. Гамшгийн тухай хуулиар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш төрийн бүх шатны байгууллага улс орон даяар хөл хөдөлгөөний саармагжуулах талаар арга хэмжээнүүд авсан. Засгийн газрын хурал  гурав дахь өдөр бүрийн өглөө найман цагаас болж дуусахаар  сэтгүүлчдэд нэгдсэн журмаар мэдээлэл өгч ирсэн уламжлалтай. Тийм болохоор Засгийн газраас сэтгүүлчдэд хөл хорио, хязгаарлалт тогтоож байгаа зүйл байхгүй. Та бид сайн мэднэ. БНСУ-ын Хөх ордон, АНУ-ын Цагаан ордонд сэтгүүлчид өрөөтэй. Мэдээлэл авдаг тодорхой цэгүүдтэй. УИХ-д зургаа долоон цэгүүд байгаа. Засгийн газар бол мэдээлэл өгдөг индэртэй. Гуравдугаар сараас мэдээлэл авах тодорхой цэгүүдийг заасан. Түүнээс хойш сэтгүүлчид цэгүүдийг ашиглаж Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл өгч байгаа. Та бүхний гол тавьж байгаа шаардлага бол УИХ-ын гишүүдийн араас явж мэдээлэл авах, ярилцлага авах энэ боломж хязгаарыг илүү их нээгээсэй гэж хүсэж байна гэж ойлгож байгаа. Миний хувьд УИХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэстэй уулзаж, хамтарч ажиллах асуудал байна. Дан ганц Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс шийдэх асуудал биш.

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар:

 

-Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбоотой төрийн ордонд орж гарах хөдөлгөөн одоо болтол хориотой хэвээр байгаа. Бид хэвлэлийнхэнтэйгээ ярилцаж байгаад түр журам гаргаж мөрдөж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлыг есдүгээр сарын 15 хүртэл сунгах тухай асуудал яригдаж байна. УИХ-ын үйл ажиллагаа гаргаж байгаа шийдвэрийг олон нийтэд хүргэх нь бидний зорилго. Бидний зорилго эрх ашиг нэг цэг дээр огтлолцож байгаа. Төрийн ордонд үйл ажиллагаа явуулах сэтгүүлчдийн журам гэж байдаг. Энэ журмыг УИХ-ын даргын захирамжаар баталдаг. 2014 онд баталсан журам хүчин төгөлдөр явж байгаа. Энэ журам өнөөгийн нөхцөлийг хангахгүй байна гэдэг шаардлагыг сэтгүүлчид тавьсан. Бид ч гэсэн санал нэгдэж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсны дараа ямар журмаар ажиллах, тэр болтол яаж ажиллах вэ гэдэг хоёр асуудал байгаа. Энэ талаар яригдаж байгаа. Шинээр журам гаргаж мөрдүүлнэ. Одоогоор журмыг боловсруулаад явж байна. Аль аль талынхаа эрх ашгийг хангасан сэтгүүлчдийн ажиллах нөхцөл боломжийг дээрдүүлсэн журам гаргахын төлөө ажиллаж байгаа. Төрийн ордонд орж ажилладаг сэтгүүлчдээс манайхаас зөвшөөрөл авсан 300 гаруй сэтгүүлчид байгаа. Өдөр тутам ажилладаг сэтгүүлчдийн тоо харьцангуй цөөхөн. Төрийн ордон хуультай. Хуулийн дагуу Төрийн ордны хамгаалалтын албанаас бидэнд шаардлага тавьдаг. Тиймээс олон талын эрх ашиг огтлолцож байгаа учраас журмыг маш сайн ярих ёстой. Журмын талаар сэтгүүлчид саналаа нэгтгэж өгөөрэй гэв.

 

 Г.Мичидмаа 

Гэрэл зургийг MPA.mn 

 

Shuud.mn
Сонин хачин
Bx:
Dawarsan har shaarnuud turiin ordond orchood gertee baigaa yum shig aashilah genee
2020-08-26
зочин:
Мэдээллэх, мэдээлэх үгүүд ялгаатай юу. Миний залууд мэдээллэх гэж үг байгаагүй. энэ ямар утгыг илэрхийлж байгаа үг вэ?
2020-08-26
Зочин:
Үймүүлж муулахаас өөр юм хийдэггүй гол хэдэн хүүаэн л хэл ам хийгээд эхэллээ! Битгий оруул! Урьд нийгмийн үе шиг ажил хэрэг мэдээлэхгүй дандаа хүн гүтгэх солио туссан юмнууд байдаг юм. Аягүй бол Элбэгдоржийн даалгавраар ч яваад байхыг үгүйсгэхгүй шүү! ТВ-9 гэж нэвтрүүлэг нь дандаа мушгин гуйвуулсан, муулсан гүтгэсэн юм нэвтрүүлдэг болсон байналээ!
2020-08-26