ЭМЯ: Коронавирусийг зөөвөрлөн ирсэн иргэдийн 96,3 хувийг эмчилж эдгээсэн
2020-08-26

 

Covid-19 халдварын талаарх ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-д зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлын талаар лхагва гариг бүр дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг билээ.

 

 ХӨСҮТ Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Нэгдүгээр сарын наймнаас өнөөдрийг хүртэл 20,128 хүнд тандалт судалгаа шинжилгээг хийсэн. Эдгээр хүмүүс тусгай үүргийн онгоцоор буюу Буянт-Ухаа боомтоос гадна Алтанбулаг,Замын-Үүд  боомтоор тээвэрлэгдэн ирсэн хүмүүс багтсан. Тандалт судалгааг 20 мянга гаруй хүнд, лабораторийн шинжилгээг 50 гаруй мянган хүнд хийсэн. Үүнээс 300 хүн коронавирусийг зөөвөрлөн ирсэн. Эдгээрийн 96,3 хувь буюу 289 хүнийг эмчилж эдгэрүүлэн эмнэлгээс гаргасан.

 

Дэлхийн жишиг нь 10 өдөр эмчлэн 3 өдөр ажигласны дараагаар эмнэлгээс гаргаж байхад манай улс иргэдийнхээ дунд алдахгүйн тулд сар шахуу эмчилгээнд явуулсны дараагаар иргэдийн дунд явуулж байгаа. Гэрийн ажиглалтад 35 хүн байгаа. Нийт өвдсөн хүмүүсээс ажиглалт тандалтын хугацаа дууссан 223 хүн байна. ХӨСҮТ-ийн Клиникт 11 хүн эмчлэгдэж байна. Есөн хүний биеийн байдал хөнгөн, нэг хүнийн биеийн байдал хүнд. Хэвтэж буй хүмүүс дунд 65-аас дээш насны 2 хүн байгаа. Хавсарсан эмгэг астом, чихрийн шижинтэй. Эмчилгээ хэвийн биеийн байдал тогтвортой байгаа. Манай улсад илэрч буй халдварын шинж тэмдэг бусад улсад илэрч буй шинжүүдтэй ойролцоо байгаа. Зарим улсуудад 40-50 хувь нь эмнэл зүйн шинж тэмдэггүй байгаа.

 

Манайд хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн 31 хувь нь эмнэл зүйн шинж тэмдэггүй хэр нь вирус илрээд эмчилгээ хийлгэж байсан. Тиймд бид биеэс нь вирус илрэхгүй болсон хойно нь эмнэлгээс гаргаж байна. Шинж тэмдгийн хувьд 46 хувь нь хоолой өвдөх, 44 хувьд нь толгой өвдөх, 30 гаруй хувьд ханиах, халуурах, ядрах, 15-16 хувьд нь жихүүдэс хүрч, ядрах, сульдах, дотор муухайрах, толгой эргэх, 2-3 хувьд амтлах мэдрэхүй алдагдах зэргийн шинж тэмдэг илэрч байна. Нийт хүмүүсийн 90 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж эмчлэгдсэн бол 10 орчим хувь нь хүнд хэлбэрээр туссан. Хүйсийн хувьд 210 буюу 70 орчим хувь нь эрэгтэй хүн байгаа.

 

Ор хоног 14-64 хоног гэх ялгаатай байгаа. Дундаж ор хоног нь 30 хоног юм. Энэ вирус хүний биеийн бүх хэсэгт орж байна. Шинжилгээг өнөөдөр авахад хамар залгиураас илрэхгүй хэр нь хоолойгоос нь авбал илрэх зэрэг тохиолдол байна. Цэр, цус, шээс, өтгөнд гэх мэт авсан газраас хамааран вирусийн тархалт янз бүр байна. Мөн вирус авсан хүний биед агуулагдах хугацаа болох биеэс гадагшлах хугацаа харилцан адилгүйгээс гадна илрэх хугацаа янз бүр. Нийт шинжилгээний 70 орчим хувьд эхний шинжилгээгээр илэрч буй бол хоёр дахь давтан шинжилгээгээр 20 орчим хувь, гурав дахь давтан шинжилгээ буюу 14-21 хоногийн хооронд 4 орчим хувиас нь вирус илэрч байна хэмээн мэдээлэв. 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин