Дотуур байранд орох сурагчдыг есдүгээр сарын 01-нээс хүлээж авна
2020-08-27

 

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг малчин айлын хүүхдүүд цаашлаад аймаг, сумын төвд байдаг ч сургуулиасаа хол гэртэй хүүхдүүдийн хувьд  дотуур байранд амьдардаг.  Энэ жилийн тухайд  өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл эхлэх гэж байгаа учраас дотуур байранд орох оюутнуудыг аравдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд хүлээж авна гэсэн бол   ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хэзээ хүлээж авах талаар  БШУЯ-ны Бага дунд боловсролын газрын мэргэжилтэн Л.Отгонсүрэнгээс тодрууллаа.

 

-Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаа хэзээнээс эхлэх вэ?

 

-Ерөнхий боловсролын сургуулийн хичээл есдүгээр сарын 01-нээс танхимаар эхэлнэ. Энэ нь орон нутгийн болон аймаг нийслэлийн  бүхий л сургуулиудад хамаарна. Ингэхдээ аймаг болон нийслэлийн сургуулиуд гурван өдөр танхимаар хоёр өдөр цахимаар хичээллэнэ. Харин сум болон тосгоны ерөнхий боловсролын сургуульд хамаарахгүй. Сум болон тосгоны сургууль таван өдөр танхимаар хичээллэнэ гэсэн үг. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр сурагчдыг хүлээж авах хугацаа  өнгөрсөн жилүүдийнхтэй ижил байна. Өөрөөр хэлбэл есдүгээр сарын 01-нд хичээл эхлэхтэй зэрэгцээд сурагчдаа хүлээж авна гэсэн үг. 

 

-Дотуур байранд байрлах хүүхдийн тоо ямар байх бол?

 

-БШУЯ-наас өнгөрсөн жил дотуур байрны үйл ажиллагаа, дотуур байрны орчинд тавигдах стандарт шаардлагыг боловсруулж гаргасан. Нэгдүгээрт стандарт шаардлага баримтална. Хоёрдугаарт Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүд, онцгой комиссын албан даалгавар, Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаал шийдвэрүүдэд дотуур байранд ажиллахад мөрдөх хэм хэмжээ, ариун цэвэр, халдваргүйжүүлэлт, хүүхдийн аюулгүй орчин бүрдүүлэхтэй холбоотой шийдвэр заавар зөвлөмжийг баримтална. 2020 оны дөрөвдүгээр сард ерөнхий боловсролын сургуулийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх мөн хэвийн горимд шилжүүлэх ажлын төлөвлөгөөг дэд сайд баталсан. Мөн Есдүгээр сарын 01-нээс хичээл эхлэх талаар Засгийн газрын тогтоол гарсантай холбоотой цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх, хэвийн горимд шилжүүлэх түр журам, ерөнхий боловсролын сургуулийн түр журам гэсэн түр журам гарсан. Тухайн түр журамд нарийн зааж өгсөн. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр стандартын дагуу авна гэсэн үг. Тодруулбал, тухайн дотуур байрны нэг өрөөнд хэдэн хүүхэд байх боломжтой байгаа түүний дагуу орныхоо тоогоор  хүүхэд нэмж, хасахгүйгээр авна.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин