ЭМЯ: БНСУ-д найман монгол иргэн коронавирусийн халдвар авчээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.27/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нарын албаны хүмүүс оролцов.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
-Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 23 сая 906 гаруй хүн халдвар авч, 823 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 210 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт ажиллаж амьдардаг манай улсын найман иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол таван хүн гэрийн тусгаарлалтад байна. Монгол иргэдийн биеийн байдал дунд зэрэг байна.
Манай улсад ажиглалтаас 256 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 109 хүн шинээр ажиглалтад орлоо. Ажиглалтад нийт 3718 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 55 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүн эрчимт эмчилгээний тасагт байна. 119 дугаарын утсанд 60 дуудлага ирсэн байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ