Сэрэмжлүүлэг: Нуурын эрэгт тоглож байсан хоёр хүүхэд живж амиа алджээ
2020-08-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Дундговь аймаг, Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 79 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ “Боргиотын нуур”-ын эрэг дээр 4 хүүхэд тоглож байгаад Б /11 настай, эрэгтэй/, Б/8 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 08.25-ны өдрийн 19:10 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар,  Цагдаагийн газрын алба хаагчид ар гэрийнхний хамт “Боргиотын нуур”-нд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж 08.26-ны өдрийн 11:20 цагт Б /11 настай, эрэгтэй/, Б /9 настай, эрэгтэй/-ийн цогцсыг нуурын хойд эргээс 30 метр зайд 1.5 метр гүнээс олж гарган тус аймгийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

Мөн өчигдөр Хэнтий аймаг, Баянмөнх сум. 4 дүгээр багийн “Ус-Авдаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 0.5 км/ “Хэрлэн” голд иргэн Г/3 настай, эрэгтэй/ усанд осолджээ.

 

Ослын дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15:02 цагт гарч 100 км замыг туулан мөн өдрийн 18:00 цагт очсон. Баянмөнх сумын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт  “Хэрлэн” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.26-ны өдрийн 16:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 8 км-т “Улаан олом” гэдэг газар голын эргээс Г/3 настай, эрэгтэй/-ийн цогцсыг олж сумын цагдаад шилжүүлэн өгчээ.

 

Иймд: 

 

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

 

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

 

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

 

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

 

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Манай эцэг эхчүүд арай л дэндүү байнаа!!!
2020-08-27