Д.Тогтохсүрэн: СЕХ-ны удирдлагууд хэн нэгний шахалтаар биш өөрсдөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Бүлгийн хуралдаанаар СЕХ-ны гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцээд дэмжсэн үү?
-Манай бүлгийн хурлаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн н.Болдсайхан, гишүүн Батболд, Баатаржав нар чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэлээ. Ч.Содномцэрэн, н.Болдсайхан нарын хувьд тэтгэврийн насанд хүрсэн. Баатаржавын улс төрийн албан тушаалд дэвшсэн. СЕХ-ны гишүүн төрийн жинхэнэ албан хаагч байх ёстой. Батболд мөн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Эдгээр хүмүүсийн оронд дөрвөн төрийн албан хаагчийг нэр дэвшүүлсэн.
-СЕХ-ны гишүүнд хэн хэнийг нэр дэвшүүлсэн бол?
-Сонгуулийн төв байгууллагын хуулиараа УИХ тав, Ерөнхийлөгч хоёр хүнийг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлдэг. Ингээд нийт есөн гишүүнтэй, хараат бус, төрийн жинхэнэ албан хаагчтай байдаг. УИХ-аас ЦЕГ-ын дарга Ж.Болдыг нэр дэвшүүлж байна. Сонгууль зохион байгуулахад цагдаагийн байгууллага хэв журам сахиулах гол үүрэг гүйцэтгэдэг. Хоёр дахь нь УИХ-ын Тамгын газрын Хууль эрхзүйн хэлтсийн дарга н.Түвшинжаргал орон тооны бус гишүүнээр. УИХ-ын Тамгын газрын ажилтан н.Дэлгэрнаран нарын нэрийг дэвшүүлж байна. УИХ-аас энэ гурван хүнийг СЕХ-ны гишүүнээр дэвшүүллээ. Дээр нь Ерөнхийлөгчөөс УДШ-ээс Батболд гэж хүн СЕХ-ны гишүүнээр байснаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүний оронд ҮАБЗ-ийн Аюулгүйн газрын дарга Д.Даваа-Очирын нэрийг Ерөнхийлөгч дэвшүүлж байна. Ээлжит бус чуулганаар томилгооны асуудлыг хийж дуусна.
-Ерөнхийлөгч СЕХ-ны дарга нарыг чөлөөл гэж байсан. Ямар нэг тохироо байсан уу?
-СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга нар хэн нэгний шахалтаар биш өөрсдөө хүсэлтээ өгч чөлөөлөгдөж байгаа.
-СЕХ-ны дарга нь хэн байх вэ?
-Өнөөдөр үдээс хойшхи хуралдаанаар СЕХ-ны гишүүдийг томилж чөлөөлнө. Дараагаар нь даргыг нь томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар шийднэ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ