Д.Сарангэрэл:“Яндангаа хөөлье” аян олон хүнийг ажлын байраар хангана

БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос зарлаж буй “Яндангаа хөөлье” аяны талаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.
-Монголчууд цөөн хүн амтай учраас жижигхэн шалтгаанаас болж хүний амь эрсдэхээс болгоомжилж байх хэрэгтэй. Жилд авто ослоор 500 гаруй хүн нас барж байна. Угаарын хийн улмаас 20 гаруй хүн нас бардаг. Агаарын бохирдлын тухай асуудал бүх яамдад хуулиар хамаарсан байдаг. Энэ есдүгээр сарын 1-ээс эхлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг эхлүүлж байгаа.
Судалгаа хийх явцад айлын яндан голоороо хугарахад бэлэн болсон өрхүүд цөөнгүй таарсан. Энэ нь завсраараа уугиж угаарын хийнд хордох эрсдэлтэй. Тиймээс иргэд угаарын хийнээс хэрхэн өөрсдийгөө хамгаалах вэ гэх мэдлэг хэрэгтэй.
Яндан, зуух, пийшинг хөөлөөгүйн улмаас хөө хуримтлагдаж битүүрдэг. Энэ нь угаартах үүсвэр болдог. Хөө хуримтлагдсан үед галлавал угаартах эрсдэлтэй. Иймд иргэдэд ханын пийшин, яндангаа хэрхэн хөөлөх вэ гэдгийг зааж зааварлахад энэ аяны зорилго оршино.
Аяны хүрээнд иргэдэд мэдээлэл сургалт хийх, заавар зөвлөмж өгөхөөс гадна дуут дохиогоор гэр хорооллоо явж мэдээлэл хүргэнэ. Мөн иргэдийн хүсэлтийн дагуу зуух пийшинг яаж хөөлөхийг гэрт нь очин зааварлах боломж бүрдсэн. Энэ аян нь олон хүнийг ажлын байраар хангахаас гадна иргэд эрүүл ахуй, орчноо яаж хамгаалж хангах ёстойгоо мэддэг болох давуу талтай.
Зуух пийшингийн хөөлөлт сайн байвал агаар таталт сайжирч гал хурдан ноцно. Тиймээс бидний энэ ажлыг дэмжин хамтарч ажиллахыг хүсэж байна гэлээ.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ