Ирээдүйн ололтуудыг ЗӨГНӨСӨН зохиолчид
2020-08-29

Хүмүүс алс холын ирээдүйг урьдчилан харж чадсан тохиолдол түүхэнд бишгүй бий. Эдгээрийн дундаас зохиолчид илүүтэй таасан байх бөгөөд хүмүүс шинжлэх ухааны уран зөгнөлийг сонирхолтой гэдэг талаас нь хардаг ч үнэндээ ийм төрлийн бүтээл өнөө цагийн ололтуудын ихэнхийг зөгнөсөн байдаг. Ирээдүйг ямар зохиолчид зөгнөж байсан талаарх цөөн баримтыг адме.ру цахим хуудсаас авсан эх сурвалжтайгаар түүвэрлэн хүргэж байна 

1. Худал яриаг илрүүлэгч - "Лютер Трент", 1910 

Анхны полиграф 1924 онд бүтээгдсэн ч үүнээс 14 жилийн өмнө зохиолч Эдвин Балмер болон Уильям Макхаген нарын хамтран бичсэн зохиолд худал яриаг илрүүлэгч төхөөрөмжийн талаар гардаг аж.

 

Шинжлэх ухааны зөгнөлт детектив зохиолд Лютер Трент гэх мөрдөгчийн талаар өгүүлбэх бөгөөд тэрбээр гэмт хэрэг илрүүлэхдээ сэтгэлзүйн аргууд төдийгүй янз бүрийн техник тоног төхөөрөмж ашиглана. Энэ романд худал яриаг илрүүлэгч дээр тест хийж байгаа талаар тодорхой өгүүлдэг нь тухайн үеийн  уншигчдыг ихэд алмайруулж байсан гэнэ.

 

2. Цахим ном — "Оддоос эргэн ирсэн нь", 1961



Зөгнөлт зохиолч Станислав Лем цаасан номны эрин үе дуусах талаар зөгнөсөн анхны зохиолчдын нэг. "Оддоос эргэн ирсэн нь" романдаа тэрбээр өнөө цагийн цахим номд ашиглагддаг "E lnk" технологийг бараг бүхэлд нь дүрсэлжээ. 

 

"Номын дэлгүүр цахим лабораторийг санагдуулам. Ном нь талстууд байх бөгөөд ийм номыг оптоны тусламжтайгаар уншина. Гадна талаас нь харахад номтой их төстэй, гагцхүү оптон дээр хүрэхэд текст цааш үргэлжлэх аж" хэмээн номонд бичжээ.

 

3. Компакт-диск — "Гурван гариг", 1934

Эдвард Элмер Смитийн "Гурван гариг" романд металл бүрхүүлтэй диск бүхий мэдээлэл хадгалагчийн талаар дүрсэлжээ. Энэ ном 1934 онд гарч байсан бол номонд дүрслэгдэх, анхны компакт диск 1982 онд л гарсан байна.

4. Гар хатаагч  — "Ковентри", 1940

"Зөгнөлт зохиолчдын декан" гэгддэг Роберт Хайнлайн гар хатаагч худалдаанд гарахаас найман жилийн өмнө энэ төхөөрөмжийн талаар нэгэн тууждаа өгүүлжээ. Түүнчлэн тэрбээр робот-цэвэрлэгч бүтээгдэхийг ч зөгнөж байсан аж. 

 

5. Бэлэн мөнгөний машин — "Зун руу орох хаалга", 1956



Роберт Хайнлайн зөгнөсөн өөр нэг төхөөрөмж нь бэлэн мөнгөний машин юм. Тэрбээр Америкийн инженер Дон Ветцел энэ төхөөрөмжийг бүтээхээс 13 жилийн өмнө "Зун руу орох хаалга" нэртэй романдаа мөнгө олгоход зориулагдсан аппаратын ажиллагааны талаар бичиж байжээ. 

"Ердөө ганцхан кибернетик компьютер төв тооцооны зангилааг орлож байх юм. Энэ компьютер хтын бүхий л банкуудад бэлэн мөнгө олгох гүйлгээг гүйцэтгэж байв. Код нь чекийн дэвтэр дээрх изотоп мэдрэгч. Ингэж л би "инкорпорейтед" барилгын эсрэг талд байх банкнаасаа мөнгө авч байгаа мэт ямар ч саадгүй мөнгөө авлаа" хэмээн романд бичсэн байна. 


6. Аяга угаагч машин — "Механик болон шинжлэх ухааны хөгжил хүний амьдрал, оюун санаанд нөлөөлөх тухай зөгнөхүй", 1901

Зөгнөлт зохиолчдын дундаас хамгийн гол зөнч гэж Герберт Уэллсийг нэрлэдэг. Тэрбээр нэгэн номондоо ирээдүйд хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдөх талаар бичсэн нь олон талаар оножээ. Тухайлбал тэрбээр аяга таваг угаагч машин бүтээгдэхийг урьдчилан харж чадсан байна. 

 

"Сав суулга угаахдаа нэг бүрчлэн угааж, арчдаг. Гэтэл бохир сав суулгыг бүгдийг нь хийж, цэвэрлэгч шингэн нэмээд хэдхэн минутын дотор угааж, хатаачихна" хэмээн тэрбээр номондоо бичсэн байна.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
леонарда да винчи төрөөгүй байсан бол өнөөгийн техник технологид хүрэхгүй байсан. Хүн нүдээр илүү мэдээлэл авдаг.
2020-08-31