COVID-19: АНУ туршилт дуусахаас өмнө вакцинаа бүртгэж магадгүй
2020-08-31

АНУ  коронавирусийн эсрэг вакцинаа клиникийн туршилтын гурав дахь шат дуусахаас өмнө уг вакциныг бүртгэхэд бэлэн байгаа гэнэ. Энэ талаар тус улсын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын эрүүл ахуйн хяналтын газрын тэргүүн Стивен Хан Financial Times агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

 

АНУ-д Moderna, Pfizer болон AstraZeneca гэсэн компаниудын боловсруулсан коронавирусийн эсрэг вакцины клиникийн туршилтууд хийгдэж байгаа юм. Өмнө нь Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ коронавирусийн эсрэг вакцин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр буюу 11 дүгээр сарын гурван гэхэд бэлэн болж магадгүй хэмээн онцолж байлаа.

 

Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын эрүүл ахуйн хяналтын газрын тэргүүн Стивен Хан вакциныг бүртгэх тогтсон журмыг дагахгүйгээр, туршилт дуусахаас өмнө вакциныг бүртгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд гэхдээ энэ нь Трампын таалалд нийцүүлэх гэсэн үг биш хэмээн онцолжээ. 

 

"Вакцин боловсруулагч зохиогчийн эрх авах эсвэл бүртгүүлэх өргөдөл өгөх эсэхээс хамаарна, харин бид тэдний хүсэлтийн дагуу шинжээчийн дүгнэлт гаргана. Тэд гурав дахь шат дуусахаас өмнө хүсэлт гаргавал бид үүнийг нь хүлээн авч шийдвэр гаргахад бэлэн" хэмээн Хан мэдэгджээ. 

 

Ханы өгүүлснээр, тодорхой бүлэгт вакциныг хэрэглэх шуурхай зөвшөөрөл олгох зэргээр туршилт дуусахаас өмнө вакциныг хүн амд хүртээмжтэй болгох аюулгүй аргууд бий гэнэ. 

 

"Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах салбарт онц байдал үүссэн нөхцөлд вакцины үр ашиг эрсдлээс нь давж гарвал энэ нь хууль журам, анагаах ухаан болон шинжлэх ухааны стандартад нийцэх юм" гэж Хан онцолжээ. 

 

Энд дуулгахад, АНУ дэлхийн анхны вакцин гэж ОХУ зарласан "Спутник V" вакциныг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн. Учир нь ОХУ туршилтыг бүрэн дуусгаагүй, АНУ-д "эрүүл мэнд, аюулгүй байдлын салбарт дэлхийд өндөрт тооцогдох стандарт үйлчилдэг", үүнийгээ л баримтлах тул Оросын вакцины туршилтын үр дүнг хүлээ зөвшөөрөхгүй гэж АНУ-ын Цагаан ордны захиргааны тэргүүн Марк Медоуз мэдэгдэж байлаа. 

 

Эргэн сануулахад, Оросын Эрүүл мэндийн яам наймдугаар сарын 11-ний өдөр дэлхийн анхны коронавирусээс сэргийлэх вакциныг бүртгэсэн юм. "Спутник V" хэмээн нэрлэгдсэн энэ вакциныг Гамалеягийн нэрэмжит хүрээлэн Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай хамтран боловсруулсан бөгөөд одоогоор дэлхийн 20 гаруй орон энэ вакциныг худалдан авах хүсэлтээ гаргажээ. 

COVID-19: Анхны вакцин буюу түүнийг "Спутник" хэмээсний учир

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин