Британи чинээлэг хүмүүсийн татварыг нэмнэ
2020-08-31

Их Британийн Сангийн сайд Риши Сунак чинээлэг хүмүүс болон корпорациудад ноогдуулдаг татварын хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар ВВС мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Британийн эрх баригч Консерватив нам татварын хэмжээ бага байх ёстой гэж үздэг ч цар тахлын үед төсвийн зардал ихэсч, орлого буурсан тул зарим төрлийн татварыг нэмэхээс аргагүйд хүрсэн гэнэ.

 

Коронавирусийн цар тахлын улмаас хөл хорио тогтоосон тул ажилгүйдлийг эрс өсгөхгүйн тулд Британийн эрх баригчид олон сая хөдөлмөр эрхлэгчийн цалингийн зардлыг төсвөөс гаргаж байсан юм. Энэ нь төсөвт ихээхэн дарамт учруулсан бөгөөд төсвийн зарлагын улмаас Британийн улсын өр хоёр их наяд фунт давж, ДНБ-ийнх нь 100 хувиас илүү болсон гэж Telegraph мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, төсвийн алдагдлыг бууруулах үүднээс бизнесийн татварыг өнөөгийн 19 хувиас 24 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Өдгөө үйлчилж байгаа 19 хувийн татвар нь Европын ихэнх орнуудад үйлчилдэг татвараас хамгийн багад тооцогддог байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин