ФОТО: Сайн уу, сургууль минь
9-1
Гэрэл зургийг MPA.mn

 

Сургуульд орсон анхны дурсамж хэн бүхэнд тодхон санагддаг буй за. Өтгөн хар гэзэгтэй. Тэр гэзэгнийхээ үзүүрт хоёр том цагаан туузан цэцэгтэй. Хөх даалимбан дээлтэй. Улаан хацартай. Энэ миний сэтгэлдээ зурсан багийн минь хөрөг. Дөнгөж оюутан болоод би сэтгэлдээ зурагдсан  гэнэн багийн энэ хөргөөсөө жигтэйхэн ичдэг байж билээ. Тэгтэл одоо  санах нь ичих зүйл биш. Харин гэмгүйхэн, дэггүйхэн сурагч үе минь гэгээн бүхний эхлэл байсан юмдаг уу даа.  

 

Ийн бодсон нь ижий, аавдаа хөтлүүлэн эрдмийн их өргөөнд анхлан хөл тавьж буй цэцгэн настай жаалуудыг харж, сэтгэл багахан нялхарсан хэрэг. Тиймээ өнөөдөр есдүгээр сарын 1. Сайн уу, сурагчид минь

 

Хүний амьдралд гэгээн дурсамж үлдээх энэ өдрийг хүүхдийн инээд, ижий аавдаа хорогдсон багачуудын хөнгөхөн гуниг,  хөл хорионд удтал уягдсан ахлах ангийнхан, хэн нь хэрхэн өөрчлөгдснийг ярилцах дотнохон хөөрөлдөөн чимж байна. 

 

Энэ өдрөөс л эрдэм номын алсын алс харгуйд багачууд хөл тавьж, ирээдүйд хэн болохоо мөрөөдөж, тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу суралцана. Онц сурч, сайн сайханд түүчээлэхийг тэдэнд ерөөж, эрдэм номын их аянд нь амжилт хүсье. Сайн цагийн эхлэл болоорой бяцхан жаалууд минь.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин