Б.Гүрбадам: Дуулах эсвэл барилдах гэсэн сонголттой нүүр тулсан
2020-09-01

 

Залуу дуучин Баянмөнхийн Гүрбадамтай ярилцлаа. 

 

-Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу?

 

-Сайн сайн байна уу? Сайхан, сайхан намаржиж байна уу? Уншигч олондоо энэ өдрийн мэнд хүргэе. 

 

-Таны хүүхэд насны дурсамжаас ярилцлагаа эхэлье. 

 

-Би Хөвсгөл аймгийн Их-Уул суманд Б.Баянмөнх гэх айлын ууган хүүхэд нь болж төрсөн. Нэг дүүтэй. Хөдөөний хүүхдүүдийн адилаар морь унаж, хурга, ишиг хариулж өссөн. Аавыг минь Б.Баянмөнх гэдэг Хөвсгөл аймгийн Түнэл сумынх, Ээж минь Б.Дармаа гэдэг Хөвсгөл аймгийн  Галт   сумынх. Эцэг эх маань сэхээтэн хүмүүс. Ээж маань багш, Аав маань геологич.

 

-Өнөөдөр есдүгээр сарын 01. Хичээлийн шинэ жил эхэлж байна. Энэ жил өндөржүүлсэн бэлэн байдлын үед эхэлж байгаа учраас хичээлийн шинэ жилийн нээлт зохион байгуулах боломжгүй. Энэ өдөр хүн бүр нэгдүгээр ангид орж байснаа дурсан санадаг даа?

 

-Ээж маань цэцэрлэгийн багш.  Ээжийнхээ гараас хөтлөөд сумын сургуулийн босгоор алхаж байлаа. Ингээд бодсон чинь нүдэнд харагдаж байна шүү./инээв/ Сумын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт хамгийн гоё болдог. Манай суманд хичээлийн шинэ жилийн нээлтээр даага уралддаг уламжлалтай. Ангийнхан маань хөдөөнөөс даага хөтөлж орж ирээд л.  Сумын төвийн ТҮЦ-нүүд шинэ бараатай болчихсон бид орж гараад л сайхан шүү.

 

-Та оюутан байхдаа нийгмийн идэвхтэй байжээ. Оюутны холбооны дарга гээд...

 

-Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хоёрдугаар анги хүртлээ суралцсан. Гуравдугаар ангиас Эрдэнэт хотын тавдугаар  арван жилд суралцаж төгссөн.  2008 онд СУИС-д элсэж МУГЖ, профессор О.Ичинхорлоо багшийнхаа удирдлага дор суралцаж 2013 онд төгссөн. 2009-2013 оны хооронд СУИС-ийн Оюутны холбооны даргаар дөрвөн жил ажилласан.

 

-Залуу уран бүтээлчдийн хувьд тулгардаг асуудлын нэг нь  санхүүгийн асуудал. Коронавирусийн энэ үед бүр ч хүндрэлтэй байгаа байх?

 

-2009 оноос хойш уран бүтээлээ хийж байна. Одоогоор урын сандаа 40 гаруй дуутай. 2018 оны есдүгээр сарын 26-нд “Алтан нутаг” анхны бие даасан  уран бүтээлийн тоглолтоо хийж байлаа. Тоглолтондоо зориулж “Алтан нутаг” нэртэй цомгоо гаргасан. “Алтан нутаг" тоглолтоо нийслэлчүүддээ хүргээд эх орноо тойрч дуунд хайртай үзэгч түмэнтэйгээ учран золгохоор аялан тоглолтоо эхлүүлсэн.

 

Аялан тоглолт маань үргэлжилж Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт иртэл  коронавирус, цар тахлын хэцүү цагтай золгосон. Тиймээс цаг үеийн асуудлаас  шалтгаалж тайзан дээр үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон. Харин зургадугаар сарын 30-наас хойш хүн хоорондын зай баримталж, амны хаалт зүүж, ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд шаардлага хангасан газруудад тоглолт зохион байгуулахыг зөвшөөрсөн. Урлаг бол соён гэгээрүүлэх чухал зүйл. Цаг үеийн асуудлаас үүдэн хүндрэлтэй байсан ч уран бүтээлчид бид зүгээр суугаагүй. Санхүүгийн асуудал хүндрэлтэй  ч уран бүтээлээ хийсээр л байсан.

 

Тайзан дээр гараад дуулж байгаа нь нэр дуудагдсан уран бүтээлч боловч тухайн уран бүтээлчийн ард гэр бүл, найз нөхөд нь үргэлж тусалж дэмждэг. Дууг минь шимтэн сонсдог сонсогч олон, гэр бүл, найз нөхдийнхөө дэмжлэгээр уран бүтээлээ хийсээр ирсэн. Ингээд төрсөн өдрөөрөө есдүгээр сарын 26-нд  “Дурлал шиг бүсгүй” бие даасан хоёр дахь уран бүтээлийн тоглолтоо үзэгч түмэндээ хүргэхээр бэлтгэл ажилтай явж байна.

 

-Таны урын сан нэлээн арвин байх. Дуучид хамтарч дуулах нь их.  Миний санахын МУСТА Э.Чулуунчимэгтэй хамтарч хэд хэдэн уран бүтээл гаргасан?

 

-Бид СУИС-ийн нэг үеийн төлөөлөл. Мундаг найзтайгаа хамт хамгийн анх “Бүсгүй ертөнц” тоглолтод зориулж МУГЖ Н.Чулуунхүү ахын минь аялгуу “Хайрт минь утсаа аваарай” дууг хамтарч дуулсан. Мөн  Цэн. Эрдэнэбат ахын аялгуу, “Харц хайрын толь”,  Д.Чулууны аялгуу “Сайхан хань минь” дууг хамтран дуулсан. Хамгийн сүүлд энэ жил коронавирус, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж цахим үзэгчтэй наадам болсон учраас наадамчин олондоо зориулж МУСТА Ш.Өлзийбаярын аялгуу “Эрийн гурван наадам” дуугаа гаргасан.  

 

-Наадам гэснээс та сумын заан цолтой юм билээ. Дуучин биш бол бөх болно гэж боддог байсан уу? Энэ жил аймаг сумын наадамд барилдсан уу?

 

-Хүүхэд байхаасаа барилддаг байсан. Оюутан болохоос өмнө аавынхаа нутагт барилдаад түрүүлж сумын заан цол хүртсэн. Гэсэн ч дуулах эсвэл барилдах гэсэн сонголттой нүүр тулсан. Урлаг гэдэг  үргэлж завгүй байлгадаг. Дуулахын зэрэгцээ бөхийн бэлтгэл хийж барилдах  боломж байхгүй учраас бөхөө орхиод уран бүтээлдээ шамдсан даа.

 

 

-Таны “Дурлал шиг бүсгүй” бие даасан хоёр дахь уран бүтээлийн тоглолт удахгүй болох гэж байна. Тоглолт  ямар шинэ зүйлсийг шингээсэн бол?

 

-Миний анхны тоглолт 10 жилийн хөдөлмөр байсан. Энэ тоглолтод 14  шинэ уран бүтээл дуулагдана. 2018 оноос хойш төлөвлөж хийж байгаа тоглолт. Уран бүтээлчид бид чинь шинэ уран бүтээл гаргаж байгаа л бол тоглолтондоо бэлдэж байгаа гэсэн үг шүү дээ./инээв/  Энэ цаг үеийн нийтийн дууны өнгийг тодорхойлж яваа найзуудтайгаа хамтран орчин үеийн урлагийн хөгжилтэй хөл нийцүүлэн олон олон сюрпризтэй  тоглолтыг үзэгч олондоо хүргэхээр бэлдэж байна. Тоглолтод маань МУСТ Э.Чулуунчимэг найзын минь “Бүсгүй ертөнц” тоглолтоор 21 аймгаа тойрч, “Монголоороо аялъя” хэмээх сайхан дууг дуулсан дуучид  болон бусад уран бүтээлчид оролцоно. Тодруулбал,   МУГЖ Ж.Одмаа, МУГЖ М.Бямбажав, МУСТА Э.Чулуунчимэг, МУСТА Э.Чинбаяр, МУСТА Д.Найдандорж, МУСТА Б.Хандмаа, МУСТА уртын дуучин Х.Ган-Эрдэнэ, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран, МУСТА Р.Болортуяа, ая зохиогч, дуучин Д.Бердибек, дуучин Б.Анхтуяа нар оролцоно.

 

-Баярлалаа, танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье?

 

-Уран бүтээлч биднийгээ урмын үгээр усалж, тэтгэж явдаг  дуунд хайртай монгол түмэндээ баярлалаа. Есдүгээр сарын 26-нд “Дурлал шиг бүсгүй" тоглолтод  минь хүрэлцэн ирээрэй.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин