ЭМЯ: Илүүдэл жинтэй хүмүүс коронавирусийн халдвараар өвчилж, эндэх магадлал өндөр байна
2020-09-01

 

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурал боллоо. Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээллийг хүргэе. Тэрбээр: 

 

-Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 25 сая 272 мянган хүн халдвар авч, 857 мянган хүн нас баржээ. Харин 17 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.  Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 264 мянга гаруйгаар  нэмэгдсэн бол 5 мянга гаруй хүн энэ өвчний улмаас нас баржээ. 

 

24 цагийн хугацаанд ОХУ-д 4993 шинэ тохиолдол бүртгэгдэж 53 хүн эндсэн байна. БНХАУ-д 19 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Эдгээр шинэ тохиолдлуудын 10 нь гадаад улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Япон улсад 429 шинэ тохиолдол бүртгэгдэж 12 хүн нас баржээ. Өмнөх өдрүүдээс өвчлөл буурах хандлагатай байна. Япон улсад  дотоод гадаад орчинд, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүн болгон амны хаалт зүүх ёстой гэсэн дүрмийг баримталж байгаа. БНСУ-д 235 хүн шинээр коронавирусийн халдвар авсан байна. Эдгээрээс 13 тохиолдол нь гадны улсаас зөөвөрлөгдөн орж иржээ. БНСУ-ын өвчин судлалын хяналтын төвийн заавраар эрт илрүүлэх, гэрт нь тусгаарлах арга хэмжээг авч байна. Иргэдийг  зөөврийн үйлчилгээг илүүд үзэхийг санал болгож байна.

 

ДЭМБ-аас коронавирусийн талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийсэн.  ДЭМБ-ын ерөнхий захирал мэдэгдэхдээ "Хүн төрөлхтөн цар тахалтай нүүр тулаад найман сар боллоо. Бид маш их хохирол амссан ч их зүйлийг хийж, цар тахалтай тэмцсээр байна. Бүх улс орон халдварыг хяналтандаа оруулах, аюулгүй орчинд эрүүл амьдрах боломжийг хангахад анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байгаа. Коронавирусийн халдвар аюул учруулсан хэвээр байна. Нэг хүн ч эрсдэлгүй гэж бодож болохгүй. Хэрвээ эрсдэлгүй гэж бодвол маш их хохирлыг амсана" гэдгийг анхаарууллаа.

 

Мөн энэ байдлаас гарах дөрвөн чухал зүйл байгааг онцлон тэмдэглэсэн. Үүнд нэгдүгээрт, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх. Хоёрдугаарт , эрсдэл бүлэг. Ялангуяа архаг хууч өвчтэй хүмүүс бага насны хүүхдүүдийг анхааралдаа авах. Мөн эрүүл мэндийн ажилчид. Гуравдугаарт,  хүн хоорондын зай баримтлах, амны хаалт зүүх, гараа тогтмол угаах. Дөрөвдүгээрт, сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх. Улс орон бүр өөрийн онцлогт тохирсон аргаар илрүүлэх зүйтэй гэж санууллаа. 

 

ДЭМБ-ын гишүүн 105 орны мэдээлэлд судалгаа хийсэн байна. Дэлхийн улс орнуудын 80-90 хувьд нь эрүүл мэндийн үйлчилгээ тасалджээ. Тухайлбал, дархлаажуулалт, гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах арга хэмжээ 70 хүртэлх хувиар тасалдсан байна. Ийм учраас ганц коронавирус гэлтгүй хүн амын эрүүл мэндэд жигд анхаарах шаардлагатай байна. Ингэхийн тулд бидэнд эв нэгдэл чухал. 

 

Өнөөдөр дэлхий нийтээрээ хичээл  сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаа. Гэхдээ тухайн улс орон бүр өөрийн онцлогт тохируулан арга хэмжээ зохион байгуулж байна. АНУ-ын өвчин судлалын төвийн эрдэмтэд их дээд сургуулийн оюутнуудын дотор коронавирусийн тохиолдол бүртгэгдвэл  сургуулийнхаа байранд тусгаарлагдах ёстой.  Учир нь гэртээ очвол гэр бүлийнхэндээ халдвар тараах учраас тухайн байранд нь тусгаарлах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргаж ажиллаж байна. Мөн Францын улсын их сургуулийн эрдэмтэд коронавирусийн халдвараар хэн хүндэрч, эндэгдэлд хүрэх талаар судалгаа хийсэн байна. Судалгаагаар илүүдэл жинтэй хүмүүс хэвийн жинтэй хүмүүсийг бодвол илүү өвчилж эндэх, илүү жинтэй хүмүүс амьсгалын аппаратад орсон судалгаа гарсан байна. Тиймээс жингийн илүүдэлгүй байж, жингээ хэвийн барих нь коронавирусээс сэргийлэх нэг арга гэдгийг сануулжээ гэв.

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин