ВИДЕО: Чөлөөлөх дайнд оролцсоноор МОНГОЛ тусгаар улс болох замаа нээсэн
"Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор Т.Сүхбаатар хэлсэн үгэндээ:
-Чөлөөлөх дайны ялалтын ойд зориулсан БХЯ-ны зүгээс тэмдэглэж ирсэн. Цар тахлын үе давхцаж ажлууд зогссон ч энэ хурлыг хийх нь зөв гэж үзсэн. Үүний цаана дайнд оролцсон амьд сэрүүн байгаа 90 гаруй ахмад дайчид байгаа. Тэдний үр хүүхэд энэ өдрийг хүлээж байгаа. Тиймээс энэ хурлаа зохиож, ОХУ-ын Соёл шинжлэх ухааны төвтэй хамтран Онолын эрдэм шинжилгээний хурал болоод урьд өмнө нь дэлгэгдээгүй үзэсгэлэнг нээж байна.
Өнөөдөр дайнд оролцсон ахмад дайчдадаа дурсгалын одон медаль, бэлгийг Батлан хамгаалахын сайд гардуулна. Мөн тэнд бэсрэг үзэсгэлэнг нээнэ.
Чөлөөлөх дайн нь Халх голын дайнаас илүү ач холбогдолтой юм. Учир нь бид Халх голын дайнд ялсан ч тусгаар улс болж чадаагүй. Харин 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсоноор тусгаар улс болох замаа нээж чадсан. Энэ дайны үр дүнгээр 1945 оны 10-сар сарын. 20-нд бүх нийтийн санал асуулга явуулсанд 100 хувийн саналаар Монгол Улсыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсөн.
Энэ дайнд оролцсон хэд хэдэн улс төрийн нөхцөл шалтгаан байдаг. Монголчуудын эртнээс салсан ах дүү Өвөр Монголтойгоо нэгдэж нэгэн улс болох улс төрийн том зорилго тавьсан. Энэ зорилго биелэлтээ олоогүй ч тодорхой хэмжээний ололтод хүрсэн. Мөн энэ дайныг дуусгаснаар дэлхийн хоёрдугаар дайны ялагч гүрэн гэх байр суурийг авсан. Энэ нь биднийг НҮБ-д элсэх том алхам болсон. Учир нь нийтийн дайсны эсрэг хүн төрөлхтний холбогдолтой ялалтыг байгуулсанд НҮБ гишүүнээр элсүүлэхдээ татгалзах зүйлгүй гэж үзсэн.
Ахмад дайчдадаа тэмдэглэлт баяруудаар хүндэтгэл үзүүлж хүлээн авч, нийгмийн асуудлыг нь шийдэж тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг. Энэ өдөр Засгийн газрын шийдвэрээр мөнгөн тэтгэлгийг олгоно.
Х.Баяржаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ