А.Амбасэлмаа: Нэг хүн эдгэрч, хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-09-02

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.02/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 25 сая 480 мянган хүн халдвар авч, 861 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 208 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.  

 

Манай улсад ажиглалтаас 440  хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 8 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт 3405   хүн байна.  Цэргийн төв эмнэлэгт 56 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүн эрчимт эмчилгээний тасагт  байгаа. 119 дугаарын утсанд 51 дуудлага ирсэн байна. 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 484 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 482 хүнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 45 настай эрэгтэй, 59 настай эмэгтэй хүн байна. 

 

Бусад шинжилгээг задалж хэлбэл,  энэ  сарын 14-нд Сөүл -Улаанбаатар чиглэлийн  онгоцоор ирсэн 267 хүний давтан шинжилгээ, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа долоон хүний шинжилгээ,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн  29 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ,сувиллын ажиглалтад байгаа 16 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд байгаа есөн хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа 75 хүний шинжилгээ, Замын-Үүд суманд тусгаарлагдаж байгаа 79 хүний давтан шинжилгээ  байгаа.

 

Сайн мэдээ нэг  хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувиллын ажиглалтад шилжлээ. Тухайн иргэн нь 38 настай эрэгтэй хүн байна.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 306 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 296 боллоо. Нийт эдгэрээд гарсан 296 хүний 21 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 46 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 229 хүн байгаа.

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, хөнгөн  байна гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин