ВИДЕО: Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой
2020-09-03

 

ХААХҮЯ-нд өнөөдөр Ургацын комиссын хурал болж,  2020 оны ургацын урьдчилсан төлөв байдлыг танилцууллаа.

 

2020 онд улсын хэмжээгээр 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган  га-д тосны 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийсэн байна

 

Урьдчилсан байдлаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113,6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой аж.

 

Мөн урьдчилсан байдлаар  улаанбуудайн хэрэгцээг дотооддоо 100 хувь хангах боломжтой болж байна. Нийт хураах талбайн 60-70 хувь нь таримлын хөгжлийн аарцан болцын дунд үед, 30 гаруй хувь нь сүүн болцын төгсгө, аарцан болцын эхний үед байгаа бөгөөд долоо наймдугаар сард  орж байгаа үргэлжилсэн их борооны улмаас таримлын болц оройтох, талбайн дахь хог ургамлын ургалт нэмэгдэх хандлагатай байгаа учраас ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ургац хураалтад нийтдээ 1020 ширхэг комбайн ажиллах бөгөөд үүний 300 нь дэвшилтэт технологид суурилсан 2-6 жил ашиглагдаж байгаа өндөр хүчин чадлын комбайн байгаа бол төмс хураах комбайн 70 ширхэг, төмс ухагч 410 ширхэг, үр тариа цэвэрлэх, ялгах, арчих зориулалттай 678 ширхэг техник, тоног төхөөрөмж бэлэн болжээ. Энэхүү техникийн хүчин чадлаар ургац хураалтын ажлыг технологийн 20-25 хоногт багтаан зохион байгуулах боломжтой гэж тооцжээ. 

 

Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор 45 байршилд борлуулалтын цэг нээж шинэ ургацын хүнсний ногооны борлуулалтыг эхлүүлсэн байна. Мөн Төмөр замын Улаанбаатар өртөөний баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ыг  арваннэгдүгээр сар хүртэл орон нутгийн ногоочдод борлуулалт хийх цэг болгохоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.

 

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр наймдугаар сарын сүүлч, есдүгээр самрын эхэр тариалангийн бүс нутгаар үргэлжилсэн аадар бороо орж цочир хүйтрэх төлөвтэй байгаа учраас хүйтрэхээс өмнө  ургац хураах ажлыг шуурхай зохион байгуулахад анхаарч ажиллаж байгаа юм байна.

 

 

Ургацын төлөв байдал, орон нутгийн  тулгамдсан асуудлын талаар Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр:

 

-Улаанбуудай 154 мянган га газарт тариалсан. Төмсний ногоо 6 мянган га-д тарьсан. Тариа хураалтыг хурдан шуурхай хийх, сайн чанарын будаа тариалах нөхцөл бүрдүүлэх, ургацыг хаягдалгүй тээвэрлэхийн тулд зам тээврийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Ажиллах хүн хүчний тухайд  цэргийн албан хаагч, оюутнуудыг ажиллуулах гэсэн санал гарч байна. Цаг агаарын нөхцөл байдал хэвийн байвал 25-28 хоногт ургацаа хураах хүчин чадал бүхий техник тоног төхөөрөмжтэй гэв.

 

Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга В.Үнэнбат цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Ургац хураалтад оюутнуудыг ажиллуулах уу? 

 

-Ургац хураалтын ажилд оролцох цэргийн албан хаагч, оюутан, болон ажиллах хүчний судалгаа, зохицуулалт хийсэн. Яамдууд болон их сургуулиудад хүсэлт гаргасан. Тариаланчид аймгийнхаа хөдөө  аж ахуйн газраар дамжуулан оюутан, сурагчид ажиллах хүч авах боломжтой. 

 

-Сэлэнгэ аймаг болоод бусад аймгийн тухайд ургац тээвэрлэлтэд зам тээврийн асуудал хүндрэлтэй байна гэж мэдээлж байна. Энэ асуудалд ямар зохицуулалт хийх вэ?

 

-Сэлэнгэ, Булган, Төв аймагт зам засварын ажлууд байгаа.  Өмнө жил Засгийн газрын нөөц хөрөнгөөр шийдэж байсан. Ургацын комисс шийдвэр гаргана.

 

 -Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

 

 - Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ургац хураалтад түлшний дэмжлэг олгоно.

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин