Боромангнаев:Монгол хэлний төлөөх миний тэмцэл Орост байгаа халимагуудын эрхийн төлөөх тэмцэл

Халимагийн нийслэл Элиста хотод монгол хэлийг хамгаалахыг дэмжсэн ганцаарчилсан эсэргүүцэл болжээ. Өвөр Монголд монгол хэлийг хавчин шахаж байгааг эсэргүүцсэн арга хэмжээг Элиста хотынхон төдийлөн ойшоогоогүй тул ганцаарчилсан эсэргүүцэл хийсэн гэж санаачлагч Батыр Боромангнаев "Кавказский узел" мэдээллийн сайтад ярьсан байна.
Өвөр Монголын сургуулиудад монгол хэлийг хорихоор зэхэж байгааг эсэргүүцсэн энэ ганцаарчилсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулагч Батыр Боромангнаев "Яблоко" намын Халимагийн салбарын дарга гэнэ. Тэрбээр есдүгээр сарын гуравны өдөр гартаа "Өвөр Монголын сургуулиудад монгол хэлийг хорих Хятадын эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэж байна" гэсэн орос хэлээр бичсэн бичиг болон "Өвөр Монгол" хэмээн монгол бичгээр бичсэн самбар барин цаг гаруй зогсжээ.
Түүний хажуугаар өнгөрсөн зорчигчид болон жолооч нар үг, дохио зангаагаар болон дуут дохио өгөн дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч "монгол хэлийг хориглохын эсрэг зогссон энэ арга хэмжээнд эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлсэн хүний тоо хангалтгүй байлаа" хэмээн Боронмангнаев сэтгүүлчдэд ярьсан байна.
"Арав гаруй хүн л хажуугаар гарахдаа, зөв, дэмжиж байна гэж хэлсэн. Тэд монголчуудын асуудлын талаар мэдэж байгаа нь илт. Түүнчлэн хажуугаар өнгөрөхдөө дуут дохио өгч, дохиж занган дэмжиж байгаагаа илэрхийлсэн жолооч нар цөөнгүй байлаа. Үүний хажуугаар сөрөг хандлагууд ч гарсан. Нэг эмэгтэй хажуугаар өнгөрөхдөө "халимаг хэлийг хэн ч мэдэхгүй байхад юун монгол хэл" хэмээн уурласан. Өөр нэг нь "Манайд монгол хэлийг хамгаалахаас өөр тулгамдсан асуудал алга уу?" гэж байсан. Харин дөрвөн хүн Өвөр Монголд юу болж байгааг надаас асуусан, тэд өвөр монголчуудын эсэргүүцлийн талаар мэдээгүй байсан юм билээ. Бүр тэдний нэг нь Өвөр Монгол гэж ямар газар, хаана байдгийг ч мэдэхгүй байсан" хэмээн Батыр Боромангнаев өгүүлжээ.
Халимагийн оршин суугчдын ихэнх нь "Хятад дахь төрөл саднуудын" асуудлыг олж мэдээгүй гэдгийг таамаглаж байсан тул Өвөр Монголд ямар асуудал үүссэн талаар олон нийтэд мэдүүлэх зорилгоор ганцаарчилсан эсэргүүцлээ зохион байгуулсан гэнэ.
"Оросын бүгд найрамдах улсуудад төрөлх хэлийг заахаа больсон нь цаад утгаараа хориглосон л гэсэн үг. Хятадын эрх баригчид монголчуудад хичээлийг нь монгол хэлээр заахыг хориглосон бол Орост төрөлх хэлийг заахыг бараг л хорьсон. Тиймээс, нэгдүгээрт, бидний төрөл садан болох монголчуудтай эв санаа нэг байгаагаа илэрхийлэх нь миний үүрэг гэж бодсон. Хоёрдугаарт, Өвөр Монгол дахь монголчуудын эрхийн төлөөх миний тэмцэл Орост байгаа ойрад-халимагуудын эрхийн төлөөх тэмцэл юм. Даяаршсан ертөнцөд бүх зүйл уялдаа холбоотой байдаг" хэмээн Боромангнаев онцолсон байна.
Халимагийн ард түмний дунд өвөр монголчуудын асуудлын төлөө санаа зовниж байгаа нь тун бага, ердөө л олон нийтийн сүлжээнд сониуч байдлаар хандах нь их байгаа гэж "Тенгрин уйдл" орчин үеийн ойрадын сёлын хөгжлийн төв"-ийн захирал Басан Захаров өгүүлжээ.
"Чин сэтгэлээсээ монголчуудын төлөө санаа зовниж байгаа нь хуруу дарам цөөн. Ихэнх нь олон нийтийн сүлжээнд л сониуч байдлаар хандаж байгаа. Бид үндэстний хувьд Өвөр Монгол дахь монголчуудаас ч долоон дор байдалд байгаа шүү дээ. Элиста хотод төрөлх хэлээ хамгаалахын төлөөх жагсаалд 150 хүн л оролцож байсан. Гэтэл Орос дахь халимаг хэлний нөхцөл байдал Хятад дахь монгол хэлний байдлаас харьцангуй дор байгаа " хэмээн Захаров өгүүлсэн байна.
Халимагийн удирдлагууд Өвөр Монгол дахь нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийж болох ч тэд Москвагаас хамааралтай тул ийм мэдэгдэл хийхгүй гэж тэрбээр өгүүлсэн байна.
The New York Times: Өвөр Монголчууд эх хэлнийхээ төлөө тэмцэж байна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ