COVID-19: Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 27 саяыг давлаа
2020-09-07

Олон улсын байгууллага, холбооны болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэл дээр үндэслэн тооцоолол гаргадаг Америкийн Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр есдүгээр сарын долооны даваа гаригт дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 27 саяыг давжээ. 

 

Тодруулбал, халдвар авсан хүний тоо 27 002 224, коронавирусээр үүсгэгдсэн өвчний улмаас нас барсан хүний тоо 882 053 болсон бол 18 054 580 хүн эдгэрсэн байна. Халдвар авсан хүний тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд энэ улсад халдварын батлагдсан тохиолдол 6 275 614 бүртгэгджээ. 

 

Харин АНУ-ын араас 4 137 521  халдварын тохиолдол бүртгэгдсэн Бразил, 4 113 811 халдварын тохиолдолтой Энэтхэг улс тус тус бичигдсэн байна.

 

Хойд хөрш ОХУ ч халдвар хамгийн их бүртгэгдсэн улс орнуудын тоонд багтаж байгаа бөгөөд Оросын коронавирустэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр тус улсад 1 025 505 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 840 949 хүн эдгэрч, 17 820 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин