Трампад Путины удирдлагын арга барил таалагддаг гэв
2020-09-07

АНУ-ын Ерөнхийлөгчийн хуульчаар ажиллаж байсан Майкл Коэн дурдатгал номондоо Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путины удирдлагын арга барилыг биширдэг хэмээн бичжээ. Энэ талаар The Washington Post сонин мэдээлсэн бөгөөд есдүгээр сарын наймны өдөр нээлтээ хийх номын хуулбарыг тус сонин олж авсан аж.

 

Цагаан ордны өмгөөлөгч асан Коэн номондоо "ОХУ-ын Ерөнхийлөгч бүхэл бүтэн орныг удирдлагадаа оруулж, түүнийг яг л хувийн компани шигээ удирдаж байгааг Трамп биширдэг" хэмээн бичжээ. Түүнчлэн, Коэны бичсэнээр, 2016 оны сонгуулийн өмнөхөн Трамп Путиныг "дэлхийн хамгийн баян хүн" гэж эндүүрч боддог байсан гэнэ. 

 

Мөн Коэн энэ номондоо Трампын сонгуулийн штаб Москватай үгсэн хуйвалдсан гэх сэдвийг ч хөндсөн байна. Коэны үзэж байгаагаар үгсэн хуйвалдаан байгаагүй, харин Трамп болон Оросын ашиг сонирхол нийцэж байсан гэнэ. "Үгсэн хуйвалдсан гээд байгаа нь үнэндээ Хиллари Клинтоныг ямар ч хамаагүй аргаар дарах ашиг сонирхлуудын нийцэл байсан юм" хэмээн Коэн бичжээ. 

 

Харин Цагаан ордны зүгээс Коэны дурсамж номонд агуулагдах мэдээллүүдийг үнэн бодит байдалд нийцэхгүй гэж мэдэгдсэн байна. Тухайлбал, Цагаан ордны захиргааны дээд албан тушаалын нэгэн төлөлөөгч The Washington Post сонинд мэдэгдэхдээ Оростой холбоотой Коэны тайлбарууд үндэслэлгүй гэж онцолжээ.

 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кейли Макинэни ч мөн Трампын хуульч асан Коэны номыг шүүмжилсэн байна. "Майкл Коэн Конгресст худал хэлж, өмгөөлөгчийн зөвшөөрлөө алдсан, нэр төрөө уландаа гишгэсэн гэмт хэрэгтэн. Түүнд итгэх аргагүй болсон, худал хуурмагаасаа ашиг хонжоо олохоор хичээж байгааг нь хараад гайхах зүйл алга" хэмээн тэрбээр мэдэгджээ. 

 

Майкл Коэн ном гаргахаар бэлдэж байгаа талаараа энэ оны долдугаар сард мэдэгдэж байлаа. Үүний дараахан тэрбээр Трамптай харилцах хувийн харилцаа, Ерөнхийлөгч Трамп Оростой ямар харилцаатай талаар бичнэ гэж мэдэгдэж байв.

 

Энд дуулгахад, Коэн 2018 оны 12 дугаар сард татвараас нуугдсан, сонгуулийн өмнөх кампанит ажлын санхүүжилтийн журмыг зөрчсөн, банкны салбар дахь луйвар, АНУ-ын санхүүгийн байгууллагуудад хуурамч мэдээлэл өгсөн хэргээр гурван жилийн хорих ял авсан байна. Түүнийг сонгуулийн өмнөх кампанит ажилд зориулсан хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэж үзсэн бөгөөд тэрбээр Трамптай амрагийн харилцаатай байсан гэж мэдэгдсэн хоёр эмэгтэйн "амыг хаах" гэж санхүүжилтийн мөнгөнөөс зарцуулж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин