COVID-19: Брюссельд хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцэн жагсжээ

Өнгөрсөн ням гаригт Бельгийн нийслэл Брюссель хотод коронавирустэй тэмцэх эрх баригчдын үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаалыг цагдаагийнхан тараажээ. Энэ жагсаалд 400 гаруй хүн оролцсон байна.
Life.ru агентлагийн мэдээлснээр, жагсагчдын ихэнх нь амны хаалт зүүгээгүй, хоорондын зай баримтлаагүй тул тараахаас аргагүй болсон гэж орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ. Түүнчлэн жагсагчид амны хаалтыг бүх газарт зүүх журмыг эсэргүүцэж байсан гэнэ. Нэгэнт үйлчилж буй журмыг зөрчсөн тул жагсаалыг тасалдуулсан бөгөөд гэхдээ жагсагчдыг тараахдаа тусгай хэрэгсэл ашиглах шаардлага гараагүй хэмээн цагдаагийн байгууллага мэдээлжээ. Бельгид амны хаалт зайлшгүй зүүх журам үйлчилж, журмын хэрэгжилтэд цагдаагийнхан хяналт тавин ажиллаж байгаа аж.
Энд дуулгахад, сүүлийн үед дэлхийн хэд хэдэн оронд коронавирустэй тэмцэх хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал цуглаан гарах болсон. Тухайлбал, наймдугаар сарын 29-ний өдөр Германы нийслэл Берлин хотноо цар тахалтай тэмцэхэд чиглэгдсэн хязгаарлалтын арга хэмжээг оршин суугчид эсэргүүцэн жагссан юм. Өмнө нь наймдугаар сарын нэгний өдөр жагсаал зохион байгуулахдаа хувийн хамгаалалтын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй гэж үзсэн хотын эрх баригчид анхандаа энэ цуглааныг зөвшөөрөхгүй байсан ч нийслэлийн захиргааны шүүх энэ шийдвэрийг цуцалснаар берлинчүүд жагссан байна. Гэхдээ жагсаалын үеэр бүх оролцогч зай баримталж, амны хаалт зүүх ёстой гэж шүүхээс үүрэгдэж байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ